Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар бага зэргийн хур тунадас орсон. Бусад цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 2,5-нд баруун аймгуудын нутгаар, 3,4-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 4-нд нутгийн хойд, 5-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд цэцэрлэгийн гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 04:30-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км замыг туулан 12:12 цагт очиж, 5 минут ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 13:16 цагт очиж, 8х3 хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг 20 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хураалттай банз мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:56 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд 15х18 хэмжээтэй нийтийн байр, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 23:02 цагт очиж,  10 минут ажиллан, унтраасан.  Уг гал түймэрт иргэн Г /24 настай, эмэгтэй/ гал түймэр унтраах явцад 8 нэрийн хүнсний дэлгүүрт зөвшөөрөлгүй орж, угаартаж ухаан алдсан байсныг аварч, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд Орхон аймгаас ирсэн Булган аймгийн Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ 12.05-ны өдрийн 22:00 цагийн орчим /согтуу/ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон бөгөөд дахин эрэн хайх хүсэлтийг 04.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 7 хүн явганаар, орон нутгийн 7 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 04.28-29-ний өдрүүдэд Сэлэнгэ сум дахь “Ингэт”-ийн гүүрнээс “Шаврын-Адаг” гэдэг газар хүртэл 12 км-т усаар, “Таримал” гэдэг газраас “Зурхайт” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 04.30-ны өдөр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Бирваз” гэдэг газраас “Шаврын адаг” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” голын урд, хойд хэсгээр 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 20:35 цагт түр зогсоож, 05.01-ний өдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болсон.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top