Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын ихэнх нутаг, Хөвсгөлийн салбар уулсаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод Монголын талаар 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 3,4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд баруун аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд, 5-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт амбаар шатаж байна гэсэн  дуудлагыг 05.01-ний өдрийн 13:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 14:00 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн “Задгай”-д хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 17:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 17:22 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд граж шатаж  байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 17:42 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 19:06 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км зам туулан 19:18 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг, химийн бодисын осол:

Хүчлийн осол: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Төмөртийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ Цайрт Минерал ХХК-ийн химийн бодис хадгалдаг агуулахад тус аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 3 хүн, хамтарсан шалгалт хийж байх явцдаа 2.5 литрийн багтаамжтай шилэн савтай азотын хүчлийн шилэн савны ёроол нь бага зэрэг цуурсаны улмаас 200 гр орчим азотын хүчил алдагдсаныг илрүүлсэн тухай мэдээллийг 05.01-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, Цайрт Минерал ХХК-ийн химийн хорт бодисоос хамгаалах бүлгийн 4 хүн, ажиллаж 4х6 метрийн агуулахад алдагдсан азотын хүчлийг саармагжуулсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд Орхон аймгаас ирсэн Булган аймгийн Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ 12.05-ны өдрийн 22:00 цагийн орчим /согтуу/ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.24-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон бөгөөд дахин эрэн хайх хүсэлтийг 04.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 7 хүн явганаар, орон нутгийн 7 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 04.28, 29, 30-ны өдрүүдэд Сэлэнгэ сум дахь “Ингэт”-ийн гүүрнээс “Шаврын-Адаг” гэдэг газар хүртэл 12 км-т усаар, “Таримал” гэдэг газраас “Зурхайт” гэдэг газар  хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 05.01-ний өдөр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 3 хүн, орон нутгийн 7 иргэн, нийт 18 хүн тус сумын Ингэт багийн Ингэтийн гүүрнээс, Тариахтай багийн “Чацаргана нуга” гэдэг газар хүртэл Сэлэнгэ голын усаар 6 км, голын эрэг дагуу явганаар 6 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 15:00 цагт зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 17:00 цагт Сэлэнгэ сумаас хөдөлж 18:15 цагт ангийн байрлалд ирсэн.

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд Туул голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 18:21 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй /60-70 настай/ эрэгтэй хүний цогцсыг уснаас гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top