Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жил “Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, талуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд онол, практикийн хурлыг 05 дугаар сарын 11-нд зохион байгуулна.
Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий шинэлэг арга зүй, шинэ санааг дэвшүүлэх, энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачид болон мэргэжлийн байгууллагын ажилтнууд, орон нутгийн болон олон нийтийн төлөөлөл санал бодлоо солилцох, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилготой юм.
Хуралд ОБЕГ, МУЗН, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллага, орон нутгийн удирдлага, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны болон олон нийтийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид оролцоно.
Өнгөрсөн жил зохион байгуулагдсан онол практикийн бага хурлаар зудын гамшгийн асуудлыг хөндөж зудын аюулаас эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах, малчдын даван туулах чадварыг нэмэгдүүлэх, зудын эрсдэлийг тооцох, зудын гамшгийн сургамж зэрэг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн онцгой комиссын удирдлага, малчдад хандаж зудын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зөвлөмжийг гарган, ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.