Үндэсний аврах бригадтай болох төсөл дэмжигдлээ

31760054_2029568397072018_3648284769004814336_n.jpg

Монгол Улсад ихэвчлэн тохиолддог ой, хээрийн гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ус, уулын болон цацраг, химийн хорт бодисын ослын хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад дэмжлэг үзүүлж ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги байнгын үүрэг гүйцэтгэн ажилладаг.

Орон нутгийн хүч хэрэгслийн чадавхиас давсан гамшгийн нөхцөл байдал үүссэн үед улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй тус анги 1967 онд Төмөр замын тусгай батальон нэртэйгээр анх байгуулагдаж, 1991 онд Зэвсэгт хүчний 122 дугаар анги, 2005 онд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги болж, сүүлийн 10 жилд тохиолдсон 40 мянга гаруй аюулт үзэгдэл, ослын 60 орчим хувьд нь үүрэг гүйцэтгэсэн байна. 

Цаашид тус ангийг ОХУ-ын Онц байдал, Иргэний хамгаалалтын яамны бүтцэд ажилладаг төв аврах бригад, БНСУ-ын Үндэсний аврах бригад-119 зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишигт ойртуулан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангитай нэгтгэн өөрийн улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсад үүрэг гүйцэтгэх чадавхитай Үндэсний аврах бригад болгох, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг нэгдмэл удирдлага, бүтэц, зохион байгуулалтад шилжүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөх төсөл 05 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжигдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top