Д.Баасансүрэн: Гамшгийн эрсдэлийг хөгжлийн бодлогоос салгаж ойлгох боломжгүй

5-14-1a1-550x300-1.jpg

“Зууны мэдээ” сонин салбар бүрийн тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнг урилаа.

ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ӨРХИЙН ЭРСДЭЛИЙГ АРИЛГАХ ЁСТОЙ

-Монгол Улсын хөгжилд гамшгаас хамгаалах салбар хаана нь байх ёстой, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хөгжилд ямар нөлөөтэй юм гээд үзэхээр 1970-аад оноос хойш зуданд 40 гаруй сая мал хоргодож, эдийн засгийн үнэлгээ маш өндөр гарсан байдаг. Зуданд малаа алдаж амьжиргааны эх үүсвэргүй болсон хүмүүс дэд бүтэц хүрэлцээгүй хот руу нүүх зэргээр эргээд хөгжлийн асуудал яригдана. Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ядуурлын бүх хэлбэрийг бууруулахаар тусгасан. Тэгэхээр гамш­гийг бууруулж чадах юм бол ядуурал арилах төдийгүй ингэхийн тулд өрх нэг бүрийн эрсдэлийг арилгах ёстой.

Хөгжлийн ололтын хүрсэн түвшинг хамгаалахад онцгой байдлын салбар чухал үүрэгтэй ажилладаг. Гамшгийн эрсдэлийг  эдийн засгийн хөгжлөөс салгаж ойлгох боломжгүй. Гамшгийн эрсдэлийг хэрхэн тооцож хөгжлийн бодлого, хэтийн төлөвөө гар­гана төдий чинээ хө­рөн­гө оруулалтыг хэм­­нэж, хохирол багас­са­наар эдийн засагт хэм­нэлт гарах харилцан хамааралтай.

Монгол Улс далайд гарцгүй, өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, нягтаршил бага гээд газарзүйн байршлын хувьд онцлогтой. Бусад улс орнууд шиг газар хөдлөлт, цунами, хар салхи зэрэг богино хугацаанд их хэмжээний хохирол дагуулдаг гамшиг  манай улсад ховор ч олон эрсдэл бий. Тухайлбал, эрт үеэс тэмцэж ирсэн ган, зудын эрсдэл малчдын амьжиргаа, цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлж, урт хугацаандаа аюул дагуулдаг. Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэлхий дахин, бүс нутагт аваад үзвэл, бид суралцаж байна. Хот, хүн амаа яаж зөв төлөвлөх вэ, барилга байшингаа газар хөдлөлтийн эсрэг хэрхэн хүчитгэх, мэдээлэл солилцох зэрэг олон чиглэлээр туршлага судалж, суралцаж байна. Гэхдээ манай улс гамшгаас хамгаалах хууль эрхзүй, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааралд дасан зохицох чиглэлээр хийж байгаа ажил, сайн жишээнүүдийн автор нь болж байгаа. Олон улсын гурван хэмжээст хөгжлийн бодлого буюу Тогтвортой хөгжлийн зорилт, Уур амьсгалын эсрэг Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөр гэж бий. Монгол Улс өөрийнхөө онцлогт нийцүүлэн энэ хөтөлбөрүүдийг дагаж биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гадны турш­лагыг солилцъё, олон улсын төсөлд хамрагдаж гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх зорилготой ажилладаг.

Онцгой байдлын салбар дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө бүрэн хангах боломжгүй. Стратегийн техник, технологийн хөтөлбөр боловсруулж санхүүжилт эрэлхийлж байна. Үндсэн хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлэх ч гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс сүүлийн таван жилд парк шинэчлэлийг маш эрчимтэй, үе шаттайгаар хийж байна. Тухайлбал, Японы хөрөнгө оруулалт, Австри улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд галын үндсэн албаны автомашинуудыг шинэчилсэн. Энэ мэтээр ярьж, хөөцөлдөж, дэмжлэг хүсч байгаа зүйл их байгаа ч орон нутагт хүрэлцээ маш муу. Гамшгийн эсрэг сайн дурын гал сөнөөгч, аврагч иргэдийг дайчиллаа гэхэд хувцас, тоног төхөөрөмжөөр нь хангаж өгөх ёстой. Хамгийн түрүүнд гамшигтай  тэмцэж байдаг иргэд рүү чиглэсэн бодлого, хөрөнгө оруулалт чухлаар тавигдаж байна. Дийлэнх суманд онцгой байдлын салбар нэгж байхгүй. Хэдэн зуун км квадрат нутагт нэг хүнийг эрэн хайх, гал түймэр унтраахад хэр хугацааг зарцуулах вэ гэдгийг бодож эрсдэлтэй бүсэд аль болох ойртож салбар нэгжүүдээ байршуулж байх ёстой. Тун саяхан, гал унтраах аврах анги тавыг, эрэн хайх аврах салбар хоёрыг шинээр байгуулахаар боллоо.

ГАЛ УНТРААХ АВРАХ АНГИЙГ 3000 ХҮН ТУТАМД БАЙГУУЛАХ СТАНДАРТТАЙ

БЛИЦ

Боловсрол

2002-2004 он БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Олон улсын харилцааны сургууль

2004-2008 он БНХАУ-ын Шандуны их сургуулийн Олон улсын харилцааны сургууль

2015-2017 Австралийн үндэсний их сургуулийн Төрийн бодлогын сургуулийн магистр

Ажлын туршлага

2009-2012 он ОБЕГ Гадаад харилцааны мэргэжилтэн

2012-2013 ОБЕГ Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн

2013-2015 ОБЕГ  Гадаад харилцааны хэлтсийн дарга

2017 оноос ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга

Гишүүнчлэл:

НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн гишүүн

-Бусад улс орны онцгой байдлын салбар хүн болгонд хүрч үйлчилье гэсэн зарчмаар салбар нэгжүүд нь аймаг, суманд заавал байх ёстой гэсэн бодлого  баримталдаг. Үйлчилгээг хүн болгонд ойртуулахын тулд галын анги тодорхой хязгаарын бүсэд заавал байх ёстой гэсэн стандарттай. Мөн   эрэн хайх аврах чиглэлээр аврагчид маш сайн бэлтгэгдсэн байх ёстой. Гал унтраах аврах ангийг хамгийн багадаа 3000 хүн тутамд, гал гамшгийн дуудлагын тохиолдлын тоо зэргийг үндэслэн байгуулдаг онцгой байдлын байгууллагын стандарттай.

Улс орнууд онцгой байдлын салбартаа хэрхэн анхаардгийн илрэл нь хоёр хөрш маань Онцгой байдлын яам байгуулсан. Мөн гадны орнууд зөвхөн дотооддоо бус олон улсад аврах ажиллагаа явуулах чадавхийг бий болгож эхэллээ. НҮБ-ын Эрэн хайх аврах олон улсын зөвлөлдөх бүлгээс аврах багийг бага, дунд хүнд түвшний гэж стандартчилдаг. Тоног төхөөрөмж усны, гүний аврах багаж, аврагч бие бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэг, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ямар байх ёстой, тэмдэг тэмдэглэгээнээс эхлээд олон улсын стандарт маш өндөр байдаг. Манай улсын хувьд гадны бүс нутагт үүрэг гүйцэтгэж байсан туршлага бага ч гэсэн Швейцарийн хөгжлийн агентлаг, Хятадын Газар хөдлөлийн агентлагтай хамтраад Аврах тусгай ангид түшиглээд дунд түвшний стандарттай баг байгуулахаар ажиллаж байна. Мөн саяхан гурван ангийг нэгтгээд Үндэсний аврах бригадтай болсон нь том дэвшил юм.

Түүнчлэн иргэдийг хариуцлагатай болгох гэдгийг ярихаас арга­гүй. Иргэд амь нас, эд хөрөнгөө хамгаалах ухамсарт суралцаж сайн дурын идэвх нэмэгдэж байна. Иргэдийн энэ идэвх санаачлагыг яаж зөв зохистой удирдаж, хүчийг нь ашиглах вэ гэдэгт бодлогын чухал хэсэг явах ёстой. Ялангуяа сайн дурын бригад, гал сөнөөгчдийг хөгжүүлэх тал дээр онцгой ач холбогдол өгөх юм. Мөн иргэд эрсдэлээ даатгуулвал төрийн нуруун дээрх санхүүгийн ачааг бууруулж, гамшгийн эрсдэл, хохирол буурна. Тухайлбал, малчин өрх малаа даатгуулсан бол зудын дараа заавал төрөөс татаас авах биш төрийн ачааллыг хувийн компаниуд руу шилжүүлнэ. Даатгалын механизм бол эрсдэлийг шилжүүлж байгаа санхүүгийн арга хэлбэр. Нөгөөтэйгүүр олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Зүүн хойд Азийн механизмыг бий болгох санаачлага гаргасан. Гамшгийн эрсдэлийг бууруулах нь салбар бүрийн ажил гэж ойлгож, энэ чиглэлээр хөрөнгө мөнгөө тусгаж төлөвлөж явах ёстой юм. Ингэж байж салбар хоорондын уялдаа хангагдана.

ХЭДЭН БАЛЛЫН ЭРСДЭЛТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БҮСЭД ЯМАР СТАНДАРТТАЙ БАРИЛГА БАРИХ ВЭ ГЭДГЭЭ ТӨЛӨВЛӨХ ЁСТОЙ

-Гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг хувь хүний бэлэн байдлыг хангахаас гадна бодлогын түвшинд олон  бодит алхам хийх шаардлагатай болдог. Хууль эрхзүй, норм нормативыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжээ сургаж бэлтгэх, гамшгийн эрсдэлийг оновчтой тооцоолон төлөвлөх, тоног төхөөрөмжөө сайжруулах ажил юм. Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхийн тулд олон улсад  барилгын стандартаа л баримталдаг. Газар хөдлөлтийн бичил мужлал дээр ерөнхий идэвхжилээр нь гаргаж болно. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлийн эрсдэлтэй бүсийн зургийг манайх хамгийн сүүлд 1982 онд гаргасан байдаг. Үүн дээр үндэслэж төлөвлөлтөө хийдэг. Уг нь газар хөдлөлийн эрсдэлийг тооцдог бичил мужлалын зураг дээрээ үндэслээд барилгын норм, нормативууд гарч байх ёстой. Хэдэн баллын эрсдэлтэй газар хөдлөлийн бүсэд ямар стандарттай барилга баригдах ёстой юм гэдгийг төлөвлөж байх ёстой. Чили, Гайтид адилхан магнитудтай газар хөдлөхөд Гайти маш их хохирол амсч гаднаас тусламж авсан бол Чилид хохирол маш бага гарсан нь барилгын чанар, стандарттай  холбоотой. Улаанбаатарт  барилгажилт ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн. Төсөв мөнгө байхгүйгээс хуучны барилгуудыг хүчитгэсэн ч эрсдэл арилахгүй. Сүүлийн үед барилгыг тестелж, газар хөдлөлийн бодит чичирхийллийг мэдрүүлдэг лабораториуд бий болж байна. Стан­дартыг мөрдүүлэх үүргээ төрийн байгууллагууд сайн биелүүлж, баригдсаных нь дараа очоод шалгах ёстой биш баригдахаас нь өмнө эрсдэлийг нь тооцож, зураг төслөөс нь эхэлж хянаж, заавар зөвлөгөө өгөх ёстой. ЖАЙКА-аас 2013-2015 онуудад хийсэн үнэлгээгээр нийслэлд 300 гаруй барилгад хүчитгэл хийх, шинээр барих шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан.

Онцгой байдлын байгууллага бодлого үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хувьд дэлхийн жишигт хүрэхийн тулд боловсон хүчнийхээ чадавхийг бэхжүүлж, олон улс оронтой хамтарч туршлага судалдаг байх ёстой. Өргөн уудам газар нутгийг хамрахын тулд газар зүйн мэдээллийн систем, технологийн дэвшлүүдийг ашиглах ёстой. Өнөөдрийн хүн төрөлхтний хүрсэн технологийн түвшин минут секундээр хэмжигддэг хүний амь насыг аврахад хугацаа хожих, бусад олон боломжийг бий болгож байна. Уламжлалт арга зам, туршлагаас гадна технологи, инноваци зайлшгүй хэрэгтэй. Бусад улс оронд сайн технологи байгаа бол түүнийгээ Монгол Улстай солилцох, туршлага хуваалцахад анхаарч ажиллах нь илүү үр дүнтэй.

ХӨГЖИЛ ЭРСДЭЛЭЭ ТООЦОЖ БАЙЖ ТОГТВОРТОЙ БАЙДАГ

– Монгол Улс сүүлийн хоёр жилд олон улс, тэр дундаа Ази номхон далайн бүсийн анхаарлыг татаж байна. 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал Энэтхэгийн Шинэ Дели хотод болох үеэр дараагийн хурлыг эх орондоо зохион байгуулах үүрэг амлалт авсан. Хоёр жилд нэг удаа болдог энэ хуралдааныг зохион байгуулна гэдэг олон тохиолдохгүй боломж, нэр хүнд юм. Улс орнууд хөгжлийн шинэ шатанд гарч, нийгэм эдийн засаг сайн хөгжиж байгаа ч  байгалийн хүчин зүйлийг даван туулж чадахгүй, гамшгийн аюулаас иргэдээ хамгаалж чадахгүй байгаагаараа ижил юм. Үүнийг даван туулах ижил зорилгынхоо төлөө харилцан туслаж хамтарч ажиллах ёстой. Олон улсын хурлыг зохион байгуулж байгаа нь Монгол гэж ямар онцлогтой, эрсдэлтэй орон юм, юу шаардлагатай юм гэдгийг ойлгуулах юм. Ирэх долдугаар сарын 3-6-ны хооронд зохион байгуулах Азийн сайд нарын II бага хурал Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар тогтвортой хөгжлийг хамгаалья гэсэн уриатай. Хөгжил эрсдэлээ тооцож байж тогтвортой байдаг. Энэ үеэр мөн хотын хүн амд ямар эрсдэл байна вэ, хоёрдугаарт нь төр хувийн хэвшлийн түншлэл хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөж байгаа. Бид асуудлаа шийдвэрлэхийн тулд тойрч явахүйгээр, бусдын сургамжаас суралцъя гэж байгаа юм.

Азийн сайд нарын хурлыг зохион байгуулна гэхээр Монгол Улсыг маш олон хүн сонирхож зөвхөн өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ хуралдааныг зохион байгуулах нэг чухал ач холбогдол нь Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулахад төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Бүс нутгийн хэмжээний эдийн засгийн томоохон хөгжлийн хөтөлбөрүүдэд өөрсдийн асуудлаа тусгаад явах боломж бүрдэнэ. Тиймээс энэ хурлыг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Улаан загалмайн нийгэмлэг, Хүүхдийг ивээх сан, Дэлхийн усны хөтөлбөр болон бусад төрийн болон төрийн бус түнш байгууллагуудад талархал илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

scroll to top