Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 9-14 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говь талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, хур тунадас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, 16,17-нд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын зуслангийн задгайд 8 нэрийн хүнсний дэлгүүрийн дээвэр, галалгааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 13:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан 13:20 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багт мал бэлтгэлийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2.5 км зам туулан 18:59 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Аман худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ уулын энгэрт утаа гараад байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км зам туулан 19:25 цагт очиход иргэн Ж-гийн гэр бүрэн шатсан байсан ба уг гал түймэрт иргэн Ж-гийн 0-9 насны Х /9 настай, эмэгтэй/, А /7 настай, эмэгтэй/, А-гийн /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эмэгтэй/, И /3 сартай, эрэгтэй/ 5 хүүхэд өртөж нас барсан. Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 00:03 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 10.5 км зам туулан 00:20 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 40 тонны контнер хаус шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 05:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 12 км зам туулан 05:36 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Зүүн-Эхийн бургаст” гэдэг газар /сумын төвөөс баруун урд  зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 67 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 05.12-ны өдрийн 19:16 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгэээр хороо, “Туул” голын усанд иргэн Ц-гийн эзэмшлийн “Ниссан Эди” загварын суудлын автомашин суусан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 00:45 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 15 км замыг туулан 01:11 цагт очиж голын усанд суусан автомашиныг татан гаргаж, зорчиж явсан иргэн Г /38 настай, эмэгтэй/, С /14 настай, эмэгтэй/, Н /9 настай эмэгтэй/, С /7 настай, эрэгтэй/ нарыг завиар зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top