Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймрийн голомт илэрсэн. Түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 хүн нийт 32 хүн, 3 автомашин, 6 морьтойгоор гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.
Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар тур тунадасгүй, хуурайшилт эрчимтэй явагдаж, улмаар салхины хурд, хүч ихтэй байгаагаас түймрийн нөхцөл байдал хүндэрсэн. ОБЕГ-ын даргын тушаалаар ойн түймрийг шуурхай унтраах, газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилгоор нэмэлт хүч болгон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан Аврах тусгай ангийн 20 алба хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр түймрийн голомт руу өнөө өглөө хүргэсэн.
Мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод хүргэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.