Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Алтай өвөр говь болон Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтай. Бороо орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 29-нд Алтайн уулсаар, 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр, гражийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 16:36 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 05.28-ны өдрийн 00:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 00:30 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой унтраахаар ажиллаж, 05.23-ны өдөр түймрийн тархалтыг зогсоосон. 25, 26-ны өдрүүдэд бага зэргийн хур тунадас орсон, унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч 05.23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл нийт 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт ажиллагааг зогсоосон. 05.26-ны өдрийн 18:30 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар “Дожоо булангийн тохой” гэдэг газраас “Найрамдал” гэдэг газар хүртэл нийт 18 км-т “Хараа” голын эргийн дагуу эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:11 цаг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 72 дугаар байрны цахилгаан шатанд  М /12 настай эрэгтэй/ гацсан байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 12:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 7 км зам туулан 12:28 цагт очиж, 10 минут ажиллаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top