1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт нойтон цас, Хэнтий аймагт бороо орж, Төвийн болон Зүүн, Говийн аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Алтай өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Өмнөх өдрөөс сэрүүсч 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд говь тал, хээрийн нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с, 29,30-нд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан-Өлгийн задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 12:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 12:48 цагт очиж, 50 минут ажиллаж, унтраасан.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:55 цагт очиж, 4х10 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж, унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 21:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашин 6 км замыг туулан 22:00 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 02:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 02:43 цагт очиж, 22 минут ажиллаж, унтраасан.
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Модны 2”- ын автозамын зорчих хэсэгт иргэн Ш-ийн эзэмшлийн “Сонота 2” загварын суудлын автомашины шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 04:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 05:06 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж, унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой унтраахаар ажиллаж, 05.23-ны өдрийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Ашинг” гэдэг газар Хилийн 771 дүгээр тэмдэгт /сумын төвөөс баруун хойд зүгт 87 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн цэргийн 7 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 30 хүн, 3 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 21:02 цагт түймрийг цурманд оруулж, 05.26-ны өдрийн 06.50 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймрийн голомтод 04:30 цагаас эхлэн бороо орсон. Уг гал түймэрт 142 га талбай шатсан.
Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн “Боршоо голын-Тахлагат ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 52 иргэн, нийт 64 хүн, 2 автомашин, 7 мотоциклтой ажиллаж, мөн өдрийн 20:25 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт 2 га талбай шатсан.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн ” Баян-Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, Биндэр сумаас 10 иргэн, нийт 60 хүн, 5 автомашин, 4 мотоцикл, 6 морьтой ажиллаж, мөн өдрийн 23:31 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 04:30 цагаас эхлэн бороо орсон. Уг гал түймэрт 10 га талбай шатсан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 42 хүн, 4 автомашинтай ажиллаж, 05.25-ны өдрийн 04:40 цагт түймрийг цурманд оруулж, 18:20 цагт бүрэн унтрааж, Байгаль орчны улсын хяналтын байцаагч С.Мөнхзул, Байгаль хамгаалагч Г.Март, З.Амарсайхан, М.Ганбат нарт хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 4 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч 05.23-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл нийт 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт ажиллагааг зогсоосон. 05.25-ны өдрийн 18:30 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар “Дожоо булангийн тохой” гэдэг газраас “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл нийт 18 км-т “Хараа” голын эргийн дагуу эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:11 цаг эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 72 дугаар байрны цахилгаан шатанд М /12 настай эрэгтэй/ гацсан байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 12:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 7 км зам туулан 12:28 цагт очиж, 10 минут ажиллаж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР