Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн Банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэл хот болон Дэлхийн банк цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо. Мөн уулзалтын төгсгөлд 2018 оны долоодугаар сарын 9-13-ны хооронд Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот болоход чиглэгдсэн төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар арга зүй практикийн сургалт, уулзалтад нийслэлийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулахаар тохиров.
Дэлхийн банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйн нь өмнө нь Латин Америк болон Карибын улсуудын Гамшгийн Эрсдэлийн Удирдлага болоод Хотын хөгжил хариуцсан менежерээр ажиллаж Дэлхийн банкны багуудыг удирдан засгийн газруудад төсөл бэлтгэн хэрэгжүүлэхэд нь тусалж өндөр хүртээмжтэй судалгаа болон техникийн туслалцаа үзүүлж байсан. 2009-2012 онуудад Вашингтон ДС-гээс Энэтхэг, Шри-Ланка, Малдив дахь Дэлхийн Банкны Хөтөлбөр хариуцсан менежерийн албыг мөн хашиж байсан. 2008-2009 онуудад тэрбээр Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж Латин Америк болон Карибын Тэнгисийн, Зүүн Ази Номхон далай, Ойрх дорнод болон Хойд Америкийн орнуудын төслийн хэрэгжилтийг хариуцаж ажиллаж байсан. Түүнчлэн 20 жилийн турш хотын хөгжил, дэд бүтэц болон барилгын төслүүдийг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцон ажиллаж байгаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.