Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас эхлэн баруун бүсийн төв Ховд аймагт зохион байгуулж байна
Тус сургалт, дадлага сургууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.
Сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Австрали, Канад, Франц улс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси Кор, Адра Монгол, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Каритас Чех зэрэг байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцоно.
Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагч нартай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Мөн гамшгийн үеийн нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.