Ховд аймагт “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалт, дадлага сургуулийн хүрээнд эрэн хайх аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх, харилцан туршлага солилцох танхимын сургалт боллоо.
Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж, нуранги, давчуу орон зай дахь эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой аврах ажиллагааны чиглэлээр манай аврагчидтай туршлага солилцсон юм.
Сургалтад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим аврагч, АНУ-ын Номхон далайн цэргийн Командлалын 10 орчим сургагч багш нар оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.