Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 32-34 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багт иргэн Б-гийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин дээр ачиж явсан барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 11:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 35 км зам туулж 11:53 цагт очиж 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 17:14 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хог шатсаны улмаас иргэн А-гийн эзэмшлийн “Пирус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 19:00 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 20:54 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 05.30-ны өдрийн байдлаар алба хаагчдыг түймрийн зүүн урд болон урд хэсэг рүү шилжүүлэн байршуулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Гомног жалга” гэдэг газар  /сумын төвөөс хойд зүгт 54 км / ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 09:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай 05:30-ны өдрийн 23:14 цагт, орон нутгийн 8 иргэн, 8 морьтой мөн өдрийн 11:18 цагт түймрийн голомт руу явсан. Үүрийн гол ус ихтэй багаа тул тойрч явна, газар орон хад асга ихтэй.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Шар хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 42 иргэн, нийт 89 хүн, 8 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт Улаанбаатар төмөр замын 35 дугаар зөрлөгийн хажууд Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “ПАВ” загварын ачааны автомашинтай “Киа бонго-2” загварын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Г /54 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн, 2 автомашинтай “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Улаанбаатар төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 90 км-т “Орхон” гол дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 1 удаагийн гүний шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.31-ний өдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top