Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, Төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 метр, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 5-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 2 гэр, амбаар, эд хогшил шатаж байна  гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 11:36 цагт хүлээн авч тус Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4,5 км зам туулан 11:44 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна  гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар  ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар 7.5 км зам туулан 13:51 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багийн 1049 дүгээр зөрлөг, “Авгын-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 75 км-т/ 4-н айлын орон сууцны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 01:38 цагт хүлээн авч Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 60 км зам туулан 03:10 цагт очиж, унтраахаар ажиллаж байна.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орсон түймрийн тархалт зогссон,  захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг гэдэг газар  /сумын төвөөс зүүн зүгт 115 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.03-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугааар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 22:44 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна./Түймэрт нийт 20 га орчим талбай шатсан/.

Хээрийн түймэр: Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Харгайтын хэрц” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ Улсын хилийн 92 дугаар тэмдэгтийн чиглэлд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн 15 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 65 хүн, 6 автомашинтай ажиллаж, 06.03-ны өдрийн 02:45 цагт цурманд оруулж, 12:00 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай, нийт 16 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 06.03-ны өдрийн байдлаар осолдсон газраас ОХУ-ын хил хүртэл нийт 100 км-т, 2 үдаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top