1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Говь болон Зүүн аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 4,5-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 4-нд ихэнх нутгаар дулаарах боловч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд 16х12 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 22:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18.5 км зам туулан 22:34 цагт очиж 3 цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 6 автомашин, 6 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00 цагаас эхлэн 17:30 цаг хүртэл бороо орсон түймрийн тархалт зогссон, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Гомног жалга” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 54 км / ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 09:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэл, 19 морьтой ажиллаж 06.02-ны өдрийн 17:00 цагт унтраасан. Түймэр унтраахаар ажиллаж байсан бүлэг 18:20 цагт түймрийн голомтоос бууж 06.03-ны өдрийн 00:34 цагт Цагаан-Үүр суманд ирсэн.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Шар хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 42 иргэн, нийт 89 хүн, 8 автомашинтай ажиллаж, 06.02-ны өдрийн 09:40 цагт бүрэн унтраасан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 06.03-ны 20:00 цаг хүртэл манаж хонохоор, мөн гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай 06.02-ны өдрийн 10:00 цагт түймрийн голомтоос буулгахыг Хойд бүсийн төвийн захирагч Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар шийдвэрлэсэн байна.
Хээрийн түймэр: Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Харгайтын хэрц” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ Улсын хилийн 92 дугаар тэмдэгтийн чиглэлд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн 15 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 65 хүн, 6 автомашинтай унтраахаар ажиллаж 06.03-ны өдрийн 02:45 цагт цурманд оруулсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл 2 удаа нийт 100 км газар усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.02-ны өдрийн 21:30 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагаа 06.03-ны өдрийн 06:00 цагаас эхэлнэ.
Бусад: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Гүвдээн” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ тус багийн “Их намаг” гэдэг газараас сумын төвийн чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой “Ланд крузер-200” загварын суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Хархорин сум дах Онцгой байдлын хэлтсийн 2 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж шаварт суусан автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР