Япон Улсын Токио хотноо 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Галын дарга нарын Азийн холбооны 30 дугаар хурал, олон улсын хамтарсан дадлага сургуульд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Мөнхбаяр, нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд нар оролцоод ирлээ.
Олон Улсын Галын дарга нарын Азийн холбооны 30 дугаар хурал, олон улсын хамтарсан дадлага сургуульд Монгол, БНСУ, Япон, Израйл, Тайвань, Сингапур, Шинэ Зеланд, Индонез, Иран зэрэг 15 улсын 300 орчим төлөөлөгч оролцсон байна.Азийн галын дарга нарын холбооны хурлын гол зорилго нь гал түймэртэй тэмцэх, галын аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулах, Азийн бүс нутгийн улс орнуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хэлэлцэх, улс орнуудад хэрэгжүүлж буй тэргүүний, шилдэг туршлагаас хуваалцах, харилцан мэдээлэл солилцоход чиглэгддэг.
Тус хурлын үеэр ч Азийн Галын дарга нарын холбооны нарийн бичгийн дарга 2016-2018 онд тус холбооноос хийж гүйцэтгэсэн ажлын товч тайланг хурлын төлөөлөгчдөд танилцуулсан байна.
Төлөөлөгчид Токио хотын үерээс хамгаалах төв байгууламж түүний бүтэц, үйл ажиллагааны онцлог, мөн түүнчлэн Токио хотын галын газрын харьяа аврагч гал сөнөөгчдийг бэлтгэх сургалтын төвд хүрэлцэн очиж үйл ажиллагаатай танилцжээ.
Мөн олон улсын аврагч, гал сөнөөгчдийн хамтарсан дадлага сургалтад Монгол Улсаа төлөөлөн НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Мөнхбаяр, нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч А.Энхмэнд нар олон улсын аврагчидтай хамтран үүргээ амжилттай биелүүлэн сайн оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.