“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуульд оролцогч гадны ажиглагч улс орнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна

GJ1A0987-1024x683.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дасгал сургуульд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газруудын алба хаагчид, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, яам, агентлагийн төлөөлөл, АНУ-ын оролцогчдоос гадна Балба, ШриЛанка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 350 гаруй төлөөлөгч оролцож байна.

Жил ирэх бүр ажиглагч улс орнууд, гадаад, дотоодын оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь сургуулийн үр дүн, цар хүрээ, ач холбогдлыг тодорхойлж байгаа төдийгүй Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэхэд “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль чухал үүрэг гүйцэтгэж байна гэж сургуулийг зохион байгуулагчид дүгнэж байна.

Монгол Улсад долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Говийн чоно” сургалтыг энэ жил “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд баруун бүсийн таван аймгийг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын газар зүйн онцлог, гамшгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол, Америкийн  80 орчим аврагч хамтран уул, ус, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулж, харилцан туршлагаа солилцож байна.

Мөн ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглахын зэрэгцээ АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нартай хамтарсан сургалт, дадлагуудыг зохион байгуулж, цаашид юунд анхаарах чиглэлд туршлага судалж байгаагаараа онцлог юм.

Мөн  болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, гамшгийн үед эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар харилцан туршлага солилцох сургалтуудыг зохион байгуулж байна.

Түүнчлэн үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилготой команд штабын сургууль үргэлжлэн явагдаж байна.

Команд штабын сургуульд ОБЕГ, НОБГ-ын төлөөллөөс гадна Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллүүд бүлэгт хуваагдан, баруун бүсийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт түүнээс үүдэлтэй хавсарсан гамшиг, ослын цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top