Ховд аймагт зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид хамтран уулнаас, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газар, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 50 гаруй аврагч оролцож, харилцан туршлагаа солилцсон юм.
Энэ удаагийн дадлага сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглан, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа.
Дадлага, сургуулийн үйл ажиллагаатай ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал танилцсан юм.
Туршлага солилцох хамтарсан дадлага сургуулиар алба хаагчид өөрсдийн болон хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлж, гамшиг ослын үед түргэн шуурхай эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдийг авран хамгаалах, аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх зэрэг чиглэлээр Монгол, Америкийн аврагчид харилцан мэдээлэл солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.