Г.АРИУНБУЯН: Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэхэд  “Говийн чоно” чухал үүрэг гүйцэтгэж байна

GJ1A7173.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

– “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Ховд аймагт зохион байгуулж байна. Орон нутагт, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа гол ач холбогдол нь юу вэ?

– Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан олон үндэстний өлгий нутаг болох Ховд аймагт зохион байгуулж байна.

“Говийн чоно” олон улсын сургалт маань Монгол Улсад долоо дахь удаагаа  зохион байгуулагдаж байгаа юм. Болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах, гамшигтай тэмцэх чадавхи, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн Монгол Улсын брэнд гэж хэлж болох олон улсын хэмжээний сургалт гэдгээрээ онцлог.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа орон нутаг дахь салбар, нэгжүүд бүсчилсэн хэлбэрт шилжиж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа. Бүс нутгийн түвшинд гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлаа дээшлүүлэх тал дээр анхаарч, гамшиг, ослын үед харилцан ажиллагаагаа зохицуулах, хүч хэрэгслээ төлөвлөх, тохиолдож болох гамшгаас урьдчилан сэргийлэх нь чухал байдаг. Тиймээс Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын газарзүйн онцлог, гамшгийн нөхцөл байдалтай уялдуулан “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах дадлага, сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн дадлага сургууль “Баруун бүсийн төвийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд үндсэн найман чиглэлээр зохион байгуулагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, эмэгтэйчүүдийн манлайллын сургалт, эмнэлгийн байгууллагуудын туршлага судлах сургалт зэрэг  орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэднийг гамшгаас хамгаалах мэдлэг чадавхыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна уул, ус, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулиудыг Америк, Монголын аврагчид хамтран зохион байгуулж, харилцан туршлагаа солилцох боломж олгож байгаагаараа онцлог юм.

– Монгол, Америкийн аврагчид харилцан туршлага судалж байгаа нь  дадлага сургуулийн бас нэг онцлог гэж харж байна…

– Баруун бүсийн таван аймаг бол газарзүйн байршлын хувьд уулархаг, их нууруудын хотгор, зургаагаас долоон томоохон нуур, горхитой, тал, хээр хосолсон нутаг. Энэ нутаг дэвсгэрт урсгал болон тогтмол усанд, ууланд осолдох тохиолдол элбэг. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичирхийллийн тоо, давтамж хот суурин газарт гэлтгүй хөдөө, орон нутагт  ч нэмэгдэж байна. Тиймээс уул, ус, нурангиас эрэн хайх аврах ажиллагаа хамтарсан дадлага сургуулийг хийж байна. Ингэснээр алба хаагчдын болон хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал дээшлэх, гамшиг ослын үед түргэн шуурхай эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдийг авран хамгаалах, аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх гээд аврагчдын эзэмшвэл зохих мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлд Монгол, Америкийн аврагчид харилцан туршлага судалж байна. Мөн өнгөрсөн жил Онцгой байдлын байгууллага Эрэлч нохойн албатай болж, эрэлч нохдыг сургаж, дадлагажуулж эхэлсэн. Энэ хүрээнд ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглахын зэрэгцээ АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохойн сургалтын төв”-ийн сургагч багш нартай хамтарсан сургалт, дадлагуудыг зохион байгуулж, цаашид юунд анхаарах чиглэлд туршлага судалж байгаагаараа онцлог байлаа.

– Эмэгтэйчүүдийн манлайлал болон эмнэлгийн ажилтнуудын туршлага солилцох сургалтуудыг хөтөлбөртөө шинээр оруулж ирлээ шүү дээ… ?

– Аливаа гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн манлайллын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад ОБЕГ-аас гадна Ховд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож, гамшиг тохиолдсон үед эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх чиглэлээр харилцан туршлага судалж байна.

Харин  аливаа гамшиг осолд нэрвэгдсэн иргэдэд яаралтай эмнэлгийн болон анхан шатны  тусламж үзүүлэх, улс, орон нутагт тохиолдож байсан гамшиг, ослын үед эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд хэрхэн ажиллаж байсан, цаашид бүсийн түвшинд юунд анхаарч, хамтарч ажиллах вэ гэдгээ тодорхойлох зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна. Эдгээр сургалтыг АНУ-ын Аляскийн үндэсний гвардын холбогдох сургагч багш нар удирдан явуулж, харилцан мэдээллээ солилцож, туршлагаасаа хуваалцаж байгаа гээд сургалтын онцлог, давуу талуудыг дурдаж болох юм.

Оролцогч орнуудын тоо нэмэгдсэн байгаа нь ажиглагдсан. Хичнээн улс орны төлөөлөл оролцож байна?

-“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд  Монгол Улс, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц улсын элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, БХЯ, ЭМЯ, БХБЯ, ЭХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ИНЕГ, ООГФСХ болон баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Увс, Завхан, Ховд,  аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын төлөөлөл, Хууль сахиулах сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 650 орчим төлөөлөл оролцож байна. Түүнчлэн сургуулийн ажиглагчаар Тайланд, Шри Ланк, Балба улсууд оролцож байгаа. Жил ирэх бүр ажиглагч улс орнууд, гадаад, дотоодын оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь сургуулийн үр дүн, ач холбогдлыг тодорхойлж байгаа нэг хэлбэр юм.

Эцэст нь та  энэ жилийн сургалтын үр дүнг дүгнэж хэлэхгүй юу?

– Өмнөх зургаан удаагийн “Говийн чоно” сургалтууд нь Монгол Улсад тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн, гамшиг, төмөр замын тээврийн болон уул уурхайн ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, гамшигтай тэмцэх төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж бидэнд сургамж, туршлага, түүх болж үлдсэн.

Энэ жилийн хувьд бол алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аливаа гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед бүсийн хэмжээнд бие дааж хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахаас гадна иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа идэвхжүүлсэн, гамшиг, ослын үед эмэгтэйчүүдийн оролцоог хангах, эмнэлгийн байгууллагуудын уялдаа холбоог нягтруулах олон улсын туршлага, сургамж, мэдээ мэдээллээ солилцох тал дээр илүү анхаарсан тул үр дүнтэй сургалт болсон гэж харж байна.

Зохион байгуулагдаж байгаа сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байхад манай аврагчдын чадвар олон улсын түвшинд хүрч, ямар ч тохиолдолд үүрэг гүйцэтгэх чадвартай болсон байгааг мөн олзуурхаж байлаа. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тооцож, зөв хуваарилах зэргээр улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц сургалт болж өндөрлөж байгаагаараа ач холбогдолтой юм.

                                                                                                        Эх сурвалж: “Өдрийн сонин” 2018.06.08

 

 

 

 

scroll to top