Монголын аврагчид олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвараа харууллаа

GJ1A0949.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд  болж өнөөдөр хаалтаа хийж байна.

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил баруун бүсийн таван аймгийг хамруулан “Баруун бүсийн төвийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар үндсэн найман чиглэлээр зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд эрэн хайх, аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, эмэгтэйчүүдийн манлайллын сургалт, эмнэлгийн байгууллагуудын туршлага судлах сургалтуудыг анх удаа орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэднийг гамшгаас хамгаалах мэдлэг чадавхыг сайжруулах зорилгоор зохион байгуулснаараа онцлог байсан юм.

Мөн ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын аврагчидтай хамтран уул, ус, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулиудыг зохион байгуулж, тус хамтарсан дадлага сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглан, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид юунд анхаарах тал дээр монгол, америкийн аврагчид харилцан туршлагаа хуваалцсан юм.

Түүнчлэн үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор  команд штабын сургуулийг зохион байгууллаа. Тус сургуульд ОБЕГ, НОБГ-ын төлөөллөөс гадна Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллүүд бүлэгт хуваагдаж, баруун бүсийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт түүнээс үүдэлтэй хавсарсан гамшиг, ослын цагийн байдлын дагуу ажилласан юм.

Сургалтын төгсгөлд “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар Монгол, Америкийн талууд өнөөдөр харилцан дүгнэлт хийлээ.

Талууд энэ удаагийн олон улсын сургалтаар баруун бүсийн аймгуудын харилцан ажиллагаа ажлын уялдаа холбоо сайжирч, гамшгийн үед мэдээ мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэхээс гадна гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадвар дээшиллээ. Түүнчлэн  Монголын аврагчдын чадвар олон улсын түвшинд хүрч, хаана ч үүрэг гүйцэтгэх боломжтой байгааг сургалтыг хамтран зохион байгуулагч Ази, номхон далайн цэргийн командлалын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top