“ГОВИЙН ЧОНО-2018”: Бүсийн хэмжээнд тохиолдсон гамшгийн үед бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ

GJ1A8755.jpg

Ховд аймагт  зохион байгуулагдсан “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.

Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Аляскийн үндэсний гвард, нэгдсэн хүчний нэгдсэн штабын дарга, бригадын генерал Блек.А.Гиттес, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нар оролцож, үг хэлсэн юм.

Монгол улсад долоо дахь жилдээ зохион байгуулагдсан “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газруудын алба хаагчид, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, яам, агентлагийн төлөөлөл, АНУ-ын оролцогчдоос гадна Балба, ШриЛанка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 350 гаруй төлөөлөгч оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн “Говийн чоно” олон улсын дасгал сургууль  Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн шинэ баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүсэхэд хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах,орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхийг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр, “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Галсандондог болон сургалт, дадлага сургуулийн бэлтгэлийг хангах, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан ОБЕГ, АНУ-ын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Түүнчлэн дадлага сургуулийг хамтран зохион байгуулсан  АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал болон оролцогчдод чин сэтгэлээсээ дахин талархлаа илэрхийлье“ гэлээ.

Сургалтын хаалтын ажиллагааны үеэр олон улсын сургалт, дадлагыг зохион байгуулах бүх талын боломжийг бүрдүүлж, хөрөнгө санхүүжилтыг шийдвэрлэн, сургуулийн бэлтгэл ажлыг хангах болон явцын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг дарга Д.Галсандондог, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газарт болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын сургагч багш нарт ОБЕГ-ын даргын  нэрэмжит “Өргөмжлөл”-ийг гардуулсан юм.

Мөн “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн оролцогчдод “Гэрчилгээ” гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top