Улаанбаатар хотноо ирэх долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд болох Азийн сайд нарын II бага хурлыг угтан Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевиз хамтран Тайландын Вант улсад 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Гамшигтай тэмцэх гадаад орны тэргүүн туршлагыг нүдээр харах боломж олгож, гамшгийн аюулын талаар олон нийтэд үнэн бодит, нэгдсэн мэдээлэл өгөх үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ач холбогдлын талаар нэгдсэн системтэй мэдлэг олгосон тус сургалтад ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ОНХТ-ийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Ш.Анхтуяа болон МҮОНТ-ийн “ММ агентлаг”-ийн сурвалжлагч Ц.Анхбаяр, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга нар оролцсон юм.
Сургалтын 14 хоногийн хугацаанд ганцаараа дүрстэй мэдээллийг гар утас ашиглан чанарын өндөр түвшинд бэлтгэн, шуурхай дамжуулах чадварт суралцаж, тус улсын гамшигт өртсөн мужуудад очиж практик дадлага хийснээр маш үр дүнтэй, өгөөжтэй сургалт болсон.
Түүнчлэн сургалтын үеэр Тайландын олон нийтийн THAI PBS телевизийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
Энэ төсөлд 20 гаруй орон хамрагдахаас Монгол Улс цаг алдалгүй сэтгүүлчдээ хамруулсанд талархалтай байгаагаа Азийн гамшгийн бэлэн байдлын төвийнхөн онцолж байлаа.
Мөн Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевиз, сургалтад хамрагдагсад хамтран Азийн сайд нарын II бага хурлын өмнө энэхүү сургалтыг Монгол Улсад, монголын сэтгүүлчдийн дунд дахин зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.