Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Орхон аймгийн зарим нутгаар бороо орж, Дорноговь аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17, 20-нд зарим газраар, 18-нд Алтайн уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн 20 айлын орон сууцны барилгад цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 07.30 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар, 1 км зам туулан 07:32 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд гялгар уутны үйлдвэрийн хаягдал түүхий эд шатаж  байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 13:56 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн  5 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 12:52 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд ариун цэврийн өрөөнд эд, хогшил шатаж  байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 18:39 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Тээлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 43 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Уруйн үер: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд 06.14-ний өдрийн 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас болсон уруйн үерт сумын төв усанд автаж тус сумын 1 дүгээр багт иргэн Ж-гийн хүү И /4 настай, эрэгтэй/ осолдож нас барсан тухай дуудлагыг 06.14-ний өдрийн 21:00 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын 06.14-ний өдрийн А/135 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Аймгийн Онцгой комиссын 4 гишүүн, Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Цагдаагийн 13 алба хаагч, Эрүүл мэндийн газрын 10 алба хаагч, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 5 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 3 алба хаагч, “АЗЗА” ХХК-ийн 4 ажилтан, Боловсрол соёлын газар 3  ажилтан, Эрдэнэт-Булган “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн 4 ажилтан, аймгийн төвөөс 76 хүн, орон нутгийн 256 иргэн, нийт 332 хүн, 55 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.15-ны өдрийн 21:00 цагийн байдлаар 111 өрхийн 312 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сумын төвийг эрчим хүчээр бүрэн хангаж, 2 өрхийн 358 бог малын сэг, зэмийг устгаж, 67 айлын хашаа, 18 гэр, 4 өвлийн, 17 зуны байшин нурсан, нийт 77044м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Аймгийн Төвөөс ирж ажилласан 73 хүн, 15 техник хэрэгслийг 21:30 цагт буцаасан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т/ иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын усаар “Улиастай” гэдэг газраас 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 21:15 цагт түр зогсоосон. 06.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top