1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Булган аймгийн зарим нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 16:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3.5 км зам туулан 16:09 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 18:48 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багт оршин суугч иргэн А /34 настай, эрэгтэй/ 06.08-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 06.18-ны өдрийн 15:00 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дахин гаргасан тул тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр аймгийн төвийн гүүрнээс “Хар-Үзүүр” гэдэг газар хүртэл 8 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй 22:20 цагт түр зогсоосон.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т/ иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 завь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.18-ны өдрийн байдлаар тус сумын Баяннуур багийн “Аукей” гэдэг газраас “Краз тохой” гэдэг газар хүртэл 5 км-т Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч, үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 06.19-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харъяат иргэн Х /24 настай, эрэгтэй/ 06.17-ны өдрийн 00:14 цагт хамт явсан 3 хүнээс салж, сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 11 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр “Хөмөлтэйн гүүр” гэдэг газраас усаар болон голын эрэг дагуу 55 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 06.18-ны өдрийн 20:00 цагт ар гэрийнхний нь хүсэлтээр зогсоосон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Ишгэн толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 32 км/ Эгийн голын усанд Орхон аймгийн харъяат иргэн С /33 настай, эрэгтэй/ осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, цагдаагийн 1 алба хаагч, ар гэрийнх нь 34 хүн, нийт 40 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.18-ны өдрийн 10:36 цагт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Цагаан-Эрэг” гэдэг газраас /осолдсон газраас 7 км-т/ цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Улаан харгана багийн “Заг-Усан” гэдэг газар /сумын төвөөс зүн зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүн зүгт 70 км-т/ иргэн Т /24 настай, эрэгтэй/ 06.18-ны өдрийн 18:00 цагийн орчимд Ховд голын усанд боогдсон малыг гаргахаар морьтой гол гаталж яваад осолдсон тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Бусад: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Уушигт багийн “Шаргал-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 9 км-т/ 5 иргэн 1500 гаруй бог малтай “Ховд” голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 07:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн З /14 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Монгол шир” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд 2 метр гүн бохирын худагт хүн нас барсан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2.5 км зам туулан 12:28 цагт очиж, 20 минут ажиллаж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн Ө /65 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт бохирын шуудуунд тус багийн иргэн Н /34 настай, эмэгтэй/ унасан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 4 км зам туулан 16:35 цагт очиж, 2 минут ажиллаж гаргасан.
Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн “Батын-Арал” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 200 км-т/ “Ховд” голын усны түвшин нэмэгдэж, 9 өрхийн 75 бод мал /адуу, үхэр/ усанд боогдсон тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР