“Онцгой байдлын байгууллагын чадамжид сургалтын үзүүлэх нөлөө” сэдвээр магистрын зэрэг хамгааллаа

35082737_2052160248371588_222120083458097152_n.jpg

 Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Бат-эрдэнэ 2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Удирдлагын Академид суралцаж төрийн захиргааны менежментийн чиглэлээр “Онцгой байдлын байгууллагын чадамжид сургалтын үзүүлэх нөлөө” сэдвээр судалгааны ажил хийж магистрын зэрэг хамгааллаа.

Судалгааны ажлынхаа хүрээнд Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүний давтан сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор таван бүсийн 300 гаруй аврагчаас асуумж авч шинжилгээ хийжээ.

Мөн Онцгой байдлын байгууллагын удирдлага, сургалтын нэгжид ажиллаж байгаа алба хаагчид, ахлагч бүрэлдэхүүнтэй өдөр тутам хамтран ажилладаг анги салбар, салаа бүлгийн дарга нарыг хамруулан экспертийн үнэлгээний хуудас бөглүүлж тэдний саналд дүн шинжилгээ хийж, судалгааны бүтээлдээ ашигласан байна.

Онцгой байдлын байгууллага нь ахлагч бүрэлдэхүүнээ Хууль Сахиулахын Их сургуульд бэлтгэж байгаа бөгөөд тэднийг бэлтгэх төрөл мэргэжлийг баяжуулах, аврагч бэлтгэхэд шаардлагатай зориулалтын сургалт, дадлагын талбайтай болох, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх гээд тулгамдсан олон асуудлууд байгааг судалгааны бүтээлдээ дүгнэсэн байна. Мөн бэлтгэгдсэн ахлагч нарыг давтан сургах, орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг эзэмшүүлэх, стандарт нормыг судлуулах, таниулах ажлыг давтамжтайгаар тасралтгүй явуулах нь чухал байгааг судалгааны бүтээлдээ дэвшүүлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top