Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор шинэчлэн зохион байгуулагдсан Үндэсний аврах бригадын тугийг гардуулан өглөө.
Тэртээ 1967 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны шийдвэрээр Төмөр замын тусгай батальон нэртэйгээр анх байгуулагдаж байсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний аврах бригад болон өргөжиж байгаа юм.
Цаашид тус бригад нь улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсад эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхтай болох зорилт тавиад байна.
Тиймээс Үндэсний аврах бригадын тугийг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Өнөөдрөөс эхлэн мэргэжлийн өндөр түвшин, ур чадвар, авхаалж самбаа, онцгой хариуцлага, үүргийг та бүхнээс урьд урьдынхаас илүү шаардах болно. Онцгой байдлын байгууллагын үндсэн бүрэлдэхүүн, бахархал болсон та бүхэн энэхүү хүндтэй үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Харин Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, “Онцгой байдлын байгууллага маань шинэ бодлого хэрэгжүүлж, гамшгаас аврах хамгаалах, эрэн хайх ажиллагааг нэгдмэл удирдлагатай болгох зорилгоор энэ бригадыг байгуулсан. Ингэснээр бидний хүч хэрэгсэл нэг дор цугларч, нэгдмэл удирдлагаар хангагдаж, алба хаагчид маань улам чадавхжина гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үндэсний аврах бригадын тугийн дор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангиуд нэгдсэн зохион байгуулалтад орж, бүс нутгийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэн ажиллана.
Дашрамд дуулгахад, Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон 40 мянга гаруй аюулт үзэгдэл, ослын 60 гаруй хувьд Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан тоон үзүүлэлт байдаг бол сүүлийн 10 жилийн хугацаанд Онцгой байдлын алба хаагчид маань нийт 10174 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 195,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.
Түүнчлэн Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчдаар төрийн тусгай алба хаагчийн тангараг өргүүлэх ёслол боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 130 гаруй алба хаагч оролцож, Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн төдий тооны алба хаагчдаар хүрээгээ тэллээ.
Мөн энэ үеэр аврах ажиллагааны болон эрэлч нохойн үзүүлэх тоглолтууд болж, Үндэсний аврах бригадын хөгжмийн салааны хамт олон аялгуу эгшгийн түрлэг өргөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.