Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь  болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Бөхөн-Уул“ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 31 дүгээр ангийн  7 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 15:21 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт С-ийн 3х4 метр хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:00 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн дүүргийн тээврийн товчоо, “Сансар худалдааны төв”-ийн урд талын автозамын зорчих хэсэгт иргэн М-ийн эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашинууд хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн  хавчуулагдсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 07:01 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18 км замыг туулан 07:18 цагт очиж, 28 минут ажиллан иргэн М /38 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/, А /30 настай, эмэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, иргэн М /38 настай, эрэгтэй/-ыг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ 06.19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолдсон тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 06.22-ны өдрийн байдлаар осолдсон газраас ОХУ-ын хил хүртэл 200 метр зайд “Онон” голд 3 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 06.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top