Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 29-30-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадатын-Ам”-ны задгайд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 17:12 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн “Шивэрийн-Ам” гэдэг газар  /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/, /Ө-49064’00”, У-113047’00”/ 06.25-ны өдрийн 22:29 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баяндун сумын 1 дүгээр багийн Засаг даргаас тодруулахад тухайн газар нь 6 айл өрх нутагладаг, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 41 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  06.25-ны өдөр Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр хүч нэмэгдүүлэн ажиллаж мөн өдрийн 13:25 цагт Бугат сумын 3 дугаар багийн “Фермийн-Үзүүр” гэдэг газар /Өлгий сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, Бугат сумын төвөөс хойд зүгт 500 м-т/ “Ховд” голын уснаас иргэн Г /23 настай, эмэгтэй/-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  Иргэн  А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг Өлгий сумын Хөх хад багийн ”Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын 3 дугаар багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 7 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоосон. 06.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Б /3 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машины хатаагчид хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 12:35 цагт очиж, 5 минут ажиллаж гарган ээж Д-д хүлээлгэн өгсөн.

Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Сайханы саравч” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 24 км-т/  “Байтаг богд” амралтын газрын урд талд “Тэрэлж” голын усны түвшин ихсэж 5 иргэн усанд боогдсон тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 24 км замыг туулан 13:45 цагт очиж, Улаанбаатар хотын харьяат иргэн Ю  /22 настай, эмэгтэй/, И /21 настай, эмэгтэй/, Б /21 настай, эмэгтэй/, Д /21 настай, эмэгтэй/, Э /21 настай, эрэгтэй/ нар усанд боогдсон байсныг 35 минут ажиллаж аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top