Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Алтайн өвөр говиор 33-38 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7 дугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 4 дүгээр гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 7км зам туулан 16:02 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 17:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан 17:40 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хавтгайн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 16:43 цагт цурманд оруулж, 19:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Улаан нүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн  зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 6 иргэн, 3 мотоциклтой, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 00:10 цагт цурманд оруулсан. /Түймэрт нийт 0,15 га талбай шатсан/.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Цагдаагийн 2 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 44 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.27-ны өдрийн байдлаар осолдсон газраас Бугат сумын Буга багийн “Таван салаа” гэдэг газар хүртэл 18 км-т 3 удаа самнаж, 18 удаа шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 21:35 цагт түр зогсоосон. Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 21:45 цагт Баян-Өлгий аймагт очсон, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр явж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд Э /10 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 15:28 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.27-ны өдрийн 09:22 цагт “Туул” голын Яармагийн гүүрний доод талаас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Заамар сумын Төмөст багийн Нарийн голын “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Туул” голын усанд алтны уурхайн ажилтан Завхан аймгийн харьяат иргэн Х /28 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, сумын цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, алтны уурхайн 10 ажилтан, нийт 18 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Оросын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ Орхон голын усанд Сайхан сумын Хөтөл багийн оршин суугч  иргэн М /43 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн 5 алба хаагч, Ар гэрийнх нь 6 хүн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр осолдсон газраас “Орхон” голын гүүр хүртэл усаар болон голын эрэг дагуу 18 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:09 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 05:55 цагт эрэнхайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Нэмэлт дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top