1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод Монголын талаар 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд ихэнх нутгаар, 3, 4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан –Өлгийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 01:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 01:13 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Их тэнгэрийн-Ам”-ны баруун урд энгэрт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч НОБГ-ын 31 алба хаагч, ТТХГ-ын 75 алба хаагч, ЦЕГ-ын харьяа МШУТ-ийн 3 алба хаагч, нийт 109 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 15:00 цагт цурманд оруулж, 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж, Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн Хан жаргалант уулын “Хар морьтын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 20:39 цагт аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.01-ний өдрийн 03:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /түймэрт нийт 2 га орчим ой шатсан/.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Их тэнгэрийн-Ам”-ны “Ерэн градус” гэдэг газар иргэн Б /40 настай, эмэгтэй/, С /41 настай, эмэгтэй/ нар төөрчихлөө гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 4 км зам туулан 16:40 цагт очиж, 29 минут эрэн хайх ажиллагаа зохион байгуулан, 2 иргэнийг олж, ТТХГ-ын “Их тэнгэр” салбарын даргад хүлээлгэн өгсөн.
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат багийн “Аарцат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ тус сумын харъяат иргэн Г /16 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон мэдээлллийг 06.29-ний өдрийн 11:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 40 хүн, нийт 46 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.30-ны өдрийн байдлаар тус багийн “Жижиг” нууранд унаж явсан морь нь үхсэн байсныг олсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг “Хагийн хар нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 100 км-т/ “Гоёо” ХХК-ийн 7 ажилтан зураг авалт хийхээр 06.27-ны өдрийн 02:00 цагт яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 01:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, “Гоёо” ХХК-ийн 10 ажилтан, нийт 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 7 иргэний зорчиж явсан “Ланд Крузер-200” загварын автомашиныг шаварт суусан байсныг олсон. Нэмэлт дуудлагаар ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 11 алба хаагч, “МАК” ХХК-ийн “МИ-171 Е” загварын нисдэг тэрэгтэй 16:00 цагт төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлд нислэг үйлдэж, 19:23 цагт сураггүй болсон 7 иргэнийг “Хагийн хар нуур” гэдэг газар эсэн мэнд байна гэсэн мэдээллийг хүлээн авсан тул 19:30 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.30-ны өдрийн байдлаар осолдсон газраас Ногооннуур сумын Бахлаг багийн “Таван толгойн хавцал” гэдэг газар хүртэл 50 км усаар, гүний шумбалт 29 удаа хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Богд-Хан уулын “Богины-Ам” гэдэг газар “Туул” голын усанд цогцос урсаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 18:16 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11 км зам туулан 18:35 цагт очиж, 19 минут ажиллаж, Б /34 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Амиа хорлолт /аврах/: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн 5 давхар барилгын дээвэр дээрээс Д /15 настай, эрэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 19:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, цагдаагийн 12 алба хаагч, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хүүхдийг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрны гадна төмөр торонд Н /10 настай, эмэгтэй/ хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 1 км зам туулан 12:28 цагт очиж, 6 минут ажиллаж хашлаганы төмөр торноос хүүхдийн хөлийг салгаж, ээж З-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР