Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорнод, Орхон, Сүхбаатар, Ховд аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, оройдоо түр зуурын дуу цахилгаантай бороо орно, салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 7 дугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар, 3, 4-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 04:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км зам туулж 04:44 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн ”Цайдам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/ цайны газрын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 11 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулж 17:56 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Хөхөл ширээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, 3 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 22:10 цагт унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хайлааст багийн “Төмөртэй” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 2.5 км-т/ Баруун-Урт сумаас Сүхбаатар сумын 8 дугаар багийн Төмөртэйн уурхайн чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн эзэмшлийн “Ист” загварын суудлын автомашин онхолдож 1 хүн гэмтсэн тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 08:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /28 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн ЯТТ-д шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн “Тариатын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ Ургамал сумын харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 23:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 06.29-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, Ургамал сумын 10 иргэн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.29-ний өдрийн 18:00 цагт Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан нуур багийн “Цагааннуур” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат  багийн “Аарцат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ тус сумын харъяат иргэн  Г /16 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон мэдээлллийг 06.29-ний өдрийн 11:48 цагт хүлээн авч тус сумын 69 иргэн, 3 автомашин, 10 мотоциклтой эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж 06.29-ний өдрийн 15:25 цагт тус сумын Харганат багийн “Жижиг” нууранд унаж явсан морь нь үхсэн байсныг олсон. Г /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 06.30-ны өдрийн 06:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай Цэнгэл сумын чиглэлд явсан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг “Хагийн хар нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 100  км-т/ “Гоёо” ХХК-ийн 7 ажилтан зураг авалт хийхээр 06.27-ны өдрийн 02:00 цагт яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 01:10 цагт хүлээн авч Гоёо ХХК-ийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж дээрх иргэдийн зорчиж явсан “Ланд круйзер-200” загварын автомашиныг шаварт суусан байсныг олсон. 06.30-ны өдрийн 07:40 цагаас Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар явсан.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нийт 17 хүн, 3 автомашинтайгаар А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.29-ний өдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас Бугат сумын 4 дүгээр багийн Есөнсалаа гэдэг газар хүртэл 8 км усаар, гүний шумбалт 30 удаа хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 06.29-ний өдрийн 17:36 цагаас эхлэн Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Оросын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т/ Орхон голын усанд Сайхан сумын Хөтөл багийн оршин суугч  иргэн М /43 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, Орхон сум дахь цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийнх нь 7 хүн, нийт 17 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.29-ний өдрийн 17:36 цагт тус багийн “Оросын тохой” гэдэг газраас цогцсыг олж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн “Суваагийн дэнж” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ Говь-Алтай аймгийн харьяат иргэн З.Дүгэр /36 настай, эрэгтэй/ 06.28-ны 18:10 цагийн орчим “Туул” голд осолдсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 06.29-ний өдрийн 00:05 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 07:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 10 м-ээс цогцсыг олж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах  багийн “Хэрүүлчийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 335 км-т/ тус сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 18:00 цагийн орчим “Хогорог” голд осолдсон тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 00:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 06.29-ний 04:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ренчинлхүмбэ сумын чиглэлд явж байх үед 06.29-ний өдрийн 04:00 цагт иргэд цогцсыг гаргасан гэсэн тул тус аймгийн Улаан-Уул сумын төвөөс бүлэг буцсан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны ”Байтаг богд” гэдэг газар /Налайх дүүргээс хойд зүгт 20 км-т/ Туул голын усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн Б /22 настай, эрэгтэй/, О /21 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 21:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 алба хаагч, 1 автомашинтай очиход иргэн О /21 настай , эмэгтэй/-г иргэд эсэн мэнд гаргасан, иргэн Б /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг уснаас гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top