Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 7-ноос ихэнх нутаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 08:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 08:10 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 16:48 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Тус сумын харьяат иргэн Н, С нар уг гал түймрээс А /2 настай, эрэгтэй/ А /2 настай, эмэгтэй/ нарын амь насыг аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 42 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 07.02-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, хүч нэмэгдүүлэн очиж, нийт 72 хүн, 5 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод унианги ихтэй, үүлэрхэг, салхи тогтуун байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат  багийн “Аарцат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ тус сумын харъяат иргэн  Г /16 настай, эрэгтэй/ 06.28-ны өдрийн 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон мэдээлллийг 06.29-ний өдрийн 11:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 40 хүн, нийт 50 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр 06.29-ний өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.02-ны өдрийн 12:05 цагт тус сумын Харганат багийн “Аарцат” гэдэг газар “Жижиг” нуур /3 м гүнээс/-аас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 06.24-ний өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.02-ны өдрийн байдлаар  тус сумын Хөх хад багийн ”Найрамдал Уул” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг багийн “Тавалтайн хавцал”  гэдэг газар хүртэл “Ховд” голын эрэг дагуу нийт 43 км-т самналт хийж, 36 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:05 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top