Эрсдэлийн удирдлагыг сайжруулснаар гамшгийн нүүн шилжүүлэлтийг бууруулах боломжтой

AMCDRR_GGIV4601.jpg

Мами Мизутори

Цаг уурын ноцтой гамшигт үзэгдлүүд болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нүүн шилжихийн хор уршгийг бусад бүс нутгуудтай харьцуулахад Ази, Номхон далайн бүс нутаг хамгаас илүүтэй өртөж байна. Өнгөрсөн онд дэлхийн 135 оронд нүүрлэсэн үер, салхи шуурга, газар хөддөлтийн улмаас 18,8 сая хүн амь насаа хамгаалахын тулд нүүн шилжихээс аргагүйд хүрчээ.

Гамшигт хамгийн ихээр нэрвэгдэж буй Ази, Номхон далайн бүс нутагт хүмүүс дүрвэн шилжих үйл явц хамгийн хүчтэй явагдаж байгаа бөгөөд Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн арлуудаас 11,4 сая хүн нүүн шилжжээ.

Энэ жилийн хувьд ч тус бүс нутагт нөхцөл байдал төдийлөн сайнгүй байна. Энэтхэг, Бангладешт хар салхины улмаас аадар бороо орж, үер болж, газрын хөрс нурсны улмаас 1 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд гамшгийн аюулаас эрт зарлан мэдээлэх тогтолцоо сайжирч, гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшин дээшилсний үр дүнд хүмүүсийн амь нас эрсдэх явдлыг бууруулах тал дээр ахиц дэвшил гарсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд болсон байгалийн гамшгуудын улмаас дэлхий даяар амиа алдсан хүмүүсийн бараг 50 хувь нь Ази тивд ногдож байна.

Тус бүс нутагт 34 тэрбум ам. долларын эдийн засгийн хохирол учирчээ. Ийм хэмжээний хохирол нь ядуурлыг бууруулахаар ажиллаж байгаа хөгжиж буй олон орны хувьд хүндээр тусна.

Эл нөхцөл байдал нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурлын үеэр явагдах хэлэлцүүлгүүдийн гол асуудал болж байна. Тус бага хурлыг 2005 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулж байгаа билээ.

Хэлэлцэх гол асуудал нь Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай холбоотой. Уг баримт бичиг нь Япон улсад гурван жилийн өмнө батлагдсан бөгөөд гамшгийн хохирлыг бууруулах талаарх дэлхий дахиныг хамарсан төлөвлөгөө юм.

Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн аюулын талаар илүү оновчтой, шуурхай мэдээлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог илүү боловсронгуй болгох замаар хүмүүсийн амь нас эрсдэх явдлыг бууруулах, гамшигт нэрвэгдэж болзошгүй хүмүүсийн тоог бууруулах, эдийн засаг болон дэд бүтцэд учрах хохирлыг багасгахад чиглэсэн 7 зорилтыг дээрх баримт бичигт тусгасан билээ.

Уг төлөвлөгөө ёсоор 2020 он гэхэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн үндэсний болон орон нутгийн хэмжээний стратегийн бодлого бүхий улс орнуудын тоог дорвитой нэмэгдүүлэх зорилт тавьсан юм.

Эдгээр стратегийн төлөвлөгөө нь олон зүйлийг зөв зохистойгоор хийж гүйцэтгэх алтан боломж бөгөөд эдгээр нь зайлшгүй бус хохирлын хүрээг багасгах төдийгүй ядуурлыг бууруулах, ухаалаг уян хатан хотуудыг байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаа зэрэг тогтвортой хөгжлийн гол гол зорилтуудад хүрэхэд тус дөхөм болох юм.

Хоёр жилийн өмнө Энэтхэг улс дээрх бага хурлыг зохион байгуулсан бөгөөд Ерөнхий сайд Нарендра Моди оролцогчдод хандан “Сендайн үзэл санааг хэрэгжүүлэх”-ийг уриалсан билээ.

Энэтхэг болон Монголын хувьд хоёулаа Сендайн үйл ажиллагааны хүрээний гол чиглэлүүдэд нийцүүлэн үндэсний хэмжээний стратегиа боловсруулан баталсан бөгөөд Гамшгийн хохирлын талаарх өгөгдлийн санг бий болгон өргөжүүлэхэд хөрөнгө оруулж байна. Энэхүү өгөгдлийн сан нь орон нутгийн түвшинд орон сууц, сургууль, эмнэлэг, нийтийн эзэмшлийн объектууд, тээврийн сүлжээ зэрэг чухал дэд бүтцүүдэд эрсдэлээс сэргийлэх мэдээллийг хүргэх зорилготой хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд маш чухал билээ.

Бүс нутгийн бусад олон орон Энэтхэг, Монголын жишээнээс үлгэр дууриал авч болох бөгөөд учир нь, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа нь орон нутгийн түвшинд үр дүнгээ шууд өгч эхэлдэг.

Түүнчлэн Гамшгийн эрсдэлийн менежментийн иж бүрэн хандлагыг бий болгосноор томоохон ахиц дэвшилд хүрэх боломжтой. Энэхүү менежмент нь гамшигт олонтоо өртөж байсан улс орнуудын хуримтлуулсан ойлголт, туршлагыг хамарч байгаа болно.

Охид эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон уугуул оршин суугчид нь өөрсдийн харьяалагдах нийгмийн бүлгийн дотор өөрчлөлтийг авчрах элч төлөөлөгчид болон идэвхтэй ажиллах боломжтой.

Гуравдугаар сард Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичигт мониторинг хийсэн бөгөөд энэ удаагийн Бага хурал нь Ази тив гамшигт хэр зэрэг бэлэн байгааг үнэлэх томоохон боломж юм. Ингэснээр тус тив гамшгийн менежментээс эрсдэлийн менежментэд шилжихийн тулд хийсэн үйл ажиллагааг дугнэх болно.

Бүхнээс түрүүнд анхаарах ёстой зүйл бол, гамшгийн улмаас хүмүүст учирч буй хохирлыг бууруулах явдал бөгөөд энэ нь үйл ажиллагааны хамгийн гол утга учир юм. Бодитой ахиц дэвпшл гарснаар гамшгийн улмаас улс орныхоо дотоодод нүүн шилжихээс аргагүйд хүрсэн гэр бүл, хүмүүсийн тоо буурах болно.

Хатагтай Мами Мизутори нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч бөгөөд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга юм.

Эх сурвалж: Өнөөдөр” сонин

scroll to top