Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Увс нуур болон Их нууруудын хотгороор 20-25 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 6, 7-нд ихэнх нутгаар, 8, 9-нд говь талын нутгаар 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 11:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн  5 алба хаагч, 1 автомашинтайгаар 5,5 км замыг туулан 11:40 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 05:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар  1 км замыг туулан 05:48 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих /5 дугаар/ багт 5х3 харьцаатай модон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 01:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2,7 км замыг туулан 01:49  цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 59 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 83 хүн, 6 автомашинтайгаар унтраахаар ажиллаж байна. 07.03-ны өдрийн 13:30 цагт түймрийн тархалтыг зогсоосон. 07.06-ны өдрийн байдлаар Онцгой байдлын газрын 59 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 65 хүн, 4  техник хэрэгсэлтэйгээр 19:25 цагт түймрийг цурманд оруулан цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Ой, хээрийн түймэрт 130 га талбай шатсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн төв замын 226, 227 дугаар тэмдэгтийн дунд /сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат иргэн Г /44 настай, эрэгтэй/, иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Б /42 настай, эрэгтэй/, иргэн Г /37 настай, эрэгтэй/, тус аймгийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ Сүзүки Эскадо загварын суудлын автомашин, Архангай аймгийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/-гийн эзэмшлийн Исүзү Гига загварын ачааны автомашинтай мөргөлдсөн тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 21:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 261 км замыг туулан 03.30 цагт очиж,  аврах ажиллагааг зохион байгуулж, 1 цаг 25 минут ажиллан иргэн Г /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрний баруун талд тус дүүргийн харьяат иргэн А /46 настай, эрэгтэй/, иргэн Ц /51 настай, эмэгтэй/ нар өндөр хясаан дээрээс приусс-20 загварын  суудлын автомашинтай унасан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 03:29 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  13 км замыг туулан 03:53 цагт очиж, 10 минут ажиллаж, иргэн А, Ц нарыг нийслэлийн ЯТТТөвд шилжүүлэн өгсөн.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Уруйн үер: Ховд аймгийн Жаргалант сумын төвд 07.03-ны өдрийн 19:50 цагийн орчимд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж Наран багийн 14, 15 дугаар гудамжны 30 айл өрх, Рашаант багийн 25 айл өрхийн гэр хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 60 иргэн, 24 автомашинтай ажиллаж 800 метр урт шороон даланг сэргээн засварласан. 07.04-ний өдөрөөс гэр, хашаа нь усанд автсан айл өрхийн тоог нарийвчлан гаргаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 06.24-ний өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 07.05-ны өдрийн байдлаар Ховд, Увс аймгуудын Онцгой байдлын газрын 11 алба хаагчийг ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 14:00 цагт аймгууд руу буцсан. ҮАБ-ийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 40 км усаар явж, 15 удаа гүний шумбалт хийсэн. Усанд үзэгдэх орчин хязгаарлагдсан, бороо орж  салхины эрч ширүүссэн тул эрэн хайх, аврах ажиллагааг 20:20 цагт  түр зогсоож, 07.06-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Архангай аймгийн Цэнхэр сумын  “Халуун усны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ иргэн О /21 настай, эрэгтэй/ Цэнхэрийн голд живсэн тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 10:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 13:45 цагт тус багийн Цэнхэрийн голын салаа “Мухар тохой” гэдэг газраас /гүн 3-4 метр/ цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Үертийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ тус аймгийн харьяат иргэн Э-гийн эзэмшлийн Маяти-2 загварын ачааны автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 17:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 18:20 цагт очиж, 12 минут ажиллаж, жалганаас автомашиныг татан гаргаж иргэн Э-д хүлээлгэн өгсөн.

Бусад: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт 07.04-ний өдрийн 15:09 цагаас эхлэн 30 минут үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж Богдын голын усан цахилгаан станцын харьяа дизель станцын хаягдал тос маслын тогоо усаар дүүрч Богдын гол руу урсаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 5 ажилтан, Хот тохижилтын газрын 5 ажилтан, Алтай-Улиастай эрчим хүчний газрын 5 ажилтан, орон нутгийн 5 иргэн, нийт 40 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр үерийн усны голдирлыг өөрчилж, бохир усанд автсан 3 айлыг нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top