1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Дорноговь, Орхон, Ховд, Хөвсгөл аймгуудын зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 8,10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Шунхлай” гудамжны автозамын зорчих хэсэгт иргэн А-гийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 18:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 18:05 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 05:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 05:31 цагт очиход 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 10 минут цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар/сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 142 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 59 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 65 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.05-ны өдрийн 19:25 цагт гал түймрийг цурманд оруулж, 07.06-ны өдрийн 08:30 бүрэн унтрааж, 22:00 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Цэдэндамба, Ойн ангийн дарга У.Баярсайхан, Байгаль хамгаалагч Ж.Ганцэцэг нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт 130 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг 07.06-ны өдрийн 08:00 цагаас Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 20 км-т “Ховд” голын эрэг дагуу 20 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:50 цагт түр зогсоосон. 07.07-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР