Монгол Улсын Шадар Сайдаас Дундговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгууллаа.
Дээрх сургалтын хүрээнд Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсүүдийн гамшгаас урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний сургалтыг Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн сургалтын танхимд зохион байгуулж, нийт 34 албан хаагч хамрагдсан байна.
Өглөөний 06 цаг 40 минутад яаралтай цуглар дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн жагсаж, сургуулийн үйл ажиллагааг нээн ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Од-Эрдэнэ, Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Я.Алтанхундага нар үг хэлж, сургуульд оролцогчдод амжилт хүслээ.
Тус иж бүрэн сургуулийг ширээний дадлага ажил, мэргэжлийн ангиудын тактикийн сургууль, нүүлгэн шилжүүлэх ажиллагааны дадлага сургууль, хээрийн хүн эмнэлэг, мал эмнэлгийн лаборатори дэлгэн үзүүлэх дадлага сургууль зэрэг 4 төрлөөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургуульд нийт 336 томилгоот ажилтан, албан хаагч, 30 гаруй техник, 45 орчим нэр төрлийн 340 гаруй багаж хэрэгсэл хамрагдсан байна.
Мөн Онцгой байдлын албыг сурталчлах өдөрлөгийн Сайнцагаан сумын төв талбайд зохион байгуулж, гал унтраах болон аврах ажиллагааны техник, багаж хэрэгслийг дэлгэн байрлуулж, барилгын өдрөөс нэрвэгсдийг буулгах, аврах, өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагаа явуулах үзүүлэх сургуулийг хүрэлцэн ирсэн ард иргэдэд үзүүлж, сонирхууллаа.