НҮБ-ын өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна

3c0db88a4b5802b822683a2326d9f6e1.png

   Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар  энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна.

       Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлсэн байна. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталж, Засгийн газраас энэхүү үзэл баримтлалыг ажил хэрэг болгохын тулд тодорхой бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах чухал алхмуудыг хийж байгааг танилцууллаа. Шадар сайд Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хүчин чармайлт тавин ажиллаж буйг танилцуулсны зэрэгцээ Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг энэ оны 7 дугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Бага хурлаас “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баталсныг онцоллоо.

Мөн манай улсын санаачилга болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж, Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага өнгөрсөн сард нээлтээ хийснийг тэмдэглэв.

Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.

Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын гишүүн 47 улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахын зэрэгцээ сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнүүлж байна.

   Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Колумби болон Швейцарь Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран  “Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг мөн зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй төлөөлөгч оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудад “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн оруулж буй хувь нэмэр, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх Азийн бүсийн танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийж, “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 3-6-нд болсон Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын дүнг танилцуулав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top