1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 25-нд баруун аймгуудын нутаг, 26-нд баруун аймгуудын өмнөд, төвийн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 24-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
2.6 Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн “Задгай”-д “Ар бадрах” ХХК-ийн хашаанд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур модон багана шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 10:05 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км зам туулан 10:19 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижах багийн 15 дугаар гудамжны 2 тоот иргэн Ө-ий 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 09:57 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлт багийн 14 дүгээр гудамжинд иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 13:42 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 37 дугаар байрны 2 орцны 3 давхарт шалавч хаймар шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 02:18 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 11 том хүн, 6 хүүхдийг гаргасан.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Аянга:Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн “Бага халзан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ 07.20-ны өдрийн 17:00 цагт дуу цахилгаантай бороо орсны улмаас Б /16 настай, эрэгтэй/ аянгад цохиулсан тул тус сумын сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Батмөнх 07.21-ний өдрийн 12:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Үер:Баян-Өлгий аймаг, Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын 66 алба хаагч, 9 техник, Цагдаагийн газрын 19 алба хаагч, 4 техник, аймгийн Засаг даргын Тамгын газрын 11 хүн, 5 техник, Мэргэжлийн хяналтын газрын 9 алба хаагч, 2 техник, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 13 алба хаагч, 1 техник, Эрүүл мэндийн газрын 27 алба хаагч, 2 техник, Өлгий сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 47 хүн, 8 техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ий 4 хүн, 1 техник, Боловсрол, соёл урлагийн газрын 45 хүн, 2 техник, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 13 хүн, 2 техник нийт 9 байгууллагын 254 хүн, 36 техник хэрэгсэлтэйгээр гамшгийн голомтод сэргээн босгох ажлыг зохион байгуулж, түр хоргодох байранд байгаа 585 иргэнийг халуун усанд оруулж ариун цэврийг сахиулсан ба үерт нэрвэгдсэн 530 айл өрхийн 730 байшин барилгаас бүрэн нурсан 287 байшин байна. 133 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цэвэр усны хомсдолд орсон 465 айлыг 60 тонн ундны цэвэр усаар ханган, 6 айлын хашааны усыг соруулж, 425 хүүхдэд тусламжийн хувцас тараасан. Хохирлыг эцэслэн тогтоохоор ажиллаж байна.
Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багт 07.16-ны өдрийн 13:06 цагийн орчим аадар бороо орж үер буусны улмаас сумын төвийн 200 мерт автозам эвдэрч, явган хүний зам урссан, орон нутгийн чанартай “Шавартайн” бетонон гүүр /Улаанбаатар хотоос 100км-т/-ийн тулгуур баганад суулт үүсч зорчих хэсэгт цууралт үүссэн, сургууль, цэцэрлэгийн хашаа нурж, лаг шаварт дарагдсан, 12 гэр, хашаа, 3 дэлгүүр, 1 цайны газар, цагдаагийн байр усанд автсан, зэлэн дээ уяатай байсан 15 унага хорогдсон, тухай мэдээллийг 07.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Дахин 07.17-ны өдрийн 11:30-12:00 цагт аадар бороо орж, уруйн үер буусан тухай мэдээллийг 13:30 цагт хүлээн авсан. Тус суманд ЗХ-ий 016 дугаар бригадын 32 алба хаагч, сумын ЗДТГ-ын 11 албан хаагч, Цэцэрлэгийн 16 ажилчин, ЕБС-ын 22 албан хаагч, Соёлын төвийн 4 албан хаагч, Дүйцүүлэх албаны 8 хүн, 8 техник, нийт 93 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр 1 га газрын 45 тонн орчим лаг шавар, хогийг цэвэрлэж ачуулсан.
Төв аймгийн Зуунмод 2,3,4,5,6 дугаар багт Тус сумын нутгаар 07.17-ны өдрийн 11:02-11:30 минутын хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын замын ус зайлуулах суваг задарсан, зам 2 метр сэтэрсэн, гүүр үерийн усанд эвдрэл үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, 24 айл өрхийн гэр, 70 хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн багийн Засаг дарга, хэсгийн ахлагч 13 албан хаагч, 4 автомашин, Хот тохижуулалтын газрын 13 хүн, 3 автомашин, Авто зам засвар, арчлалтын “Төв” ХХК-ийн 8 ажилчин, 4 автомашин орон нутгийн 18 иргэн, 2 автомашин, нийт 52 хүн 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, сумын Онцгой комисс 08:30 цагт хуралдаж уруйн үерийн аюулаас үүссэн хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулан явуулах шийдвэр гаргасан. Нацагдорж багийн ус зайлуулах хоолой, авто замын ус зайлуулах сувгийн лаг шаврыг зайлуулах, усанд автсан 12 дугаар гудамжны 2 айлын хашаанд шороо асгаж тэгшлэх, Баянхошуу, Зүүндэлгэр багуудын авто замын 2 талын шуудууг шинэчлэх зураг, төслийг хийсэн.1 дүгээр гудамжны үерийн ус залуулах далан таглаж хашаа барьсан айлыг нүүлгэн шилжүүлсэн ба нийт 23.4 м3 хог хаягдал цэвэрлэж, 80 тн шороо зөөж 1.4 га талбайг тэгшилсэн.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн хооронд мөндөр, аадар бороо /хур тунадасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газраас 25 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газраас 31 алба хаагч, Хилийн цэргийн ангийн 0101, 0243 дугаар ангиас 27 алба хаагч, Тагнуулын газраас 6 алба хаагч, 1 автомашин, ХХААГ-аас 10 хүн, Авто зам засвар, арчлалтын “Сэлэнгэ” ХХК-ийн 20 хүн, 9 техник, “Урсгал-Ус” ХХК-ийн 15 алба хаагч, “Сэлэнгэ-Энерго” дулааны станцаас 21 хүн, 2 автомашин, БОАЖГ-аас 10 албан хаагч, орон нутгийн 99 иргэн, ЭМГ-аас 25 албан хаагч, 3 автомашин, нийт 12 байгууллагын 289 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж, Хонгорморьт ,Цагаан-Эрэг, Баянхан, Ганзам багуудад үүссэн лаг шавар хогийг цэврлэсэн. Мөн 270 м3 хайрга зөөж зам талбай хонхор газар тэгшилсэн. Сүхбаатар сумын 2, 3, 4, 6, 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, нийтийн орон сууцны 24 дүгээр байранд 350 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн “Хаваржааны-Үзүүр” гэдэг газар / сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ сумын иргэн Ө /16 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.19-ний 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Ар гэрийн 15 хүн, 6 автомашинтай Хаваржааны-Үзүүр гэдэг газраас 2 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 07.21-ний өдрийн 12:40 цагаас эхлэн “Хаваржааны-Үзүүр” гэдэг газраас тус багийн “Сүмийн булан” гэдэг газар хүртэл 27 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт зогсоосон. 07.22-ны өдрийн 09:00 цагаас дахин эхэлнэ.
Усны осол /эрэн хайх, аврах/:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар Ховд голд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллагын 25 алба хаагч, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг 06.25-ны өдрөөс 07.09-ний өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн шийдвэрээр 07.09-ний өдрийн 10:00 цагт түр зогсоосон байсныг 07.21-ний өдрийн 09:00 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь гаргасан. Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дарга хошууч Б.Гансүхээр ахлуулсан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 1 алба, хаагч, 1 автомашин, 2 завьтайгаар Хөх хад багийн ”Найрамдал-Уул” гэдэг газраас эхлүүлж, Бугат сумын Буга багийн “Есөн салаа” гэдэг газар хүртэл 20 км газар Ховд голоор урсаж голын эргээр самналт хийж, 13 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт түр зогсоосон.
Бусад:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Өлгийн даваа” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 25 км-т/ “Перемо” загварын суудлын автомашин, “Монтеро” загварын суудлын автомашин Туул голын усанд боогдсон тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 12 том хүн, 4 хүүхдийг аюулгүй газар гаргаж 18:20 цагт автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР