Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

                                          1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь,  Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

     Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говиор 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.  

Төлөв байдал: 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар усархаг дуу цахилгаантай бороо орно. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун  болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд говь тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын талаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

                           2.Объектын түймэр 

Хувийн өмчид гарсан:Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хан шонхор багийн 1 дүгээр гудамжинд иргэн А-ийн модон амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 13:05 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км замыг туулан  13:12 цагт очиж, 3 минут ажиллаж унтраасан.

                 3.Зам тээврийн осол: 

Автозамын осол:Архангай аймгийн Өндөр-Улаан сум Донгой багийн  “Халзангийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан Франц улсын иргэн Л-ын MAN1/EYBYE-050 улсын дугаартай, тусгай тоноглогдсон автомашин /2 зорчигчтой/ төв замын зорчих хэсэгт унасан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 13:50 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 техник хэрэгсэлтэй 130 км зам туулан 17:00 цагт очиж, 2 цаг 30 минут ажиллаж, замын хажуу руу унасан автомашиныг татан босгосон. Зорчигчидод тус сумын хүн эмнэлгийн эмч Б.Насанбат анхны тусламж үзүүлсэн.   

4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга:Булган аймгийн Сайхан сумын  Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/07.22-ны өдрийн 20:00 цагийн орчим дуу цахилгаантай бороо орж байх үед иргэн О /19 настай, эмэгтэй/, О /16 настай, эмэгтэй/ нар мотоцикльтой малдаа явж байгаад аянганд цохиулсан тухай мэдээллийг 07.22-ны өдрийн 20:55 цагт  хүлээн авсан. Тус сумын эмч Д.Загдсүрэн анхны тусламж үзүүлж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Үер:Баян-Өлгий аймгийн Өлгий суманд  07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт хүлээн авсан. 

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 07.16-ны өдрийн 13:06 цагийн орчим аадар бороо орж  үер буусны улмаас сумын төвийн 200 мерт автозам эвдэрч, явган хүний зам урссан, орон нутгийн чанартай “Шавартайн” бетонон гүүрний тулгуур баганад суулт үүсч зорчих хэсэгт цууралт үүссэн, сургууль, цэцэрлэгийн хашаа нурж, лаг шаварт дарагдсан, 12 гэр, хашаа, 3 дэлгүүр, 1 цайны газар, цагдаагийн байр усанд автсан, зэлэндээ уяатай байсан 15 унага хорогдсон,  тухай мэдээллийг 07.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Дахин 07.17-ны өдрийн 11:30-12:00 цагт аадар бороо орж, уруйн үер буусан тухай мэдээллийг 13:30 цагт  хүлээн авсан.  Тус сумын нутгийн захиргааны байгууллагын 11 хүн, ЗХ-ний 016 дугаар бригадын 30 алба хаагч, Цэцэрлэгийн 6 ажилчин, ЕБС-ын 11 албан хаагч, Соёлын төвийн 2 ажилтан, цэргийн дүйцүүлэх албаны 3 алба хаагч, нийт 63 хүн, 6  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.22-ны өдөр нийт 1,7 га газрын 580 орчим тонн лаг шавар, хогийг цэвэрлэж ачуулсан. Албан байгууллагууд өөрсдийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, бусад зам талбайд хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийсэн. 

Төв аймгийн Зуунмод сумын  2,3,4,5,6  дугаар багийн нутагт Тус сумын нутгаар 07.17-ны өдрийн 11:02-11:30 минутын хооронд  усархаг бороо орсны улмаас уруйн үерт тус сумын замын ус зайлуулах суваг задарсан, зам 2 метр сэтэрсэн, гүүр үерийн усанд эвдрэл үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон,  24  айл өрхийн гэр, 70 хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 11:04 цагт  хүлээн авсан.Тус багийн 13 албан хаагч, 4 автомашин, Хот тохижуулалтын  газрын 13 хүн, 3 автомашин, Авто зам засвар, арчлалтын “Төв” ХХК-ийн 8 ажилчин, 4 автомашин орон нутгийн 18 иргэн, 2 автомашин, нийт 52 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, сумын Онцгой комисс 08:30 цагт хуралдаж уруйн үерийн аюулаас үүссэн хор уршгийг арилгах,  хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулан явуулах шийдвэр гаргасан. Нацагдорж багийн ус зайлуулах хоолой, авто замын ус зайлуулах сувгийн лаг шаврыг зайлуулах, усанд автсан 12 дугаар гудамжны 2 айлын хашаанд шороо асгаж тэгшлэх, Баянхошуу, Зүүндэлгэр багуудын автозамын 2 талын шуудууг шинэчлэх зураг, төслийг хийсэн.1 дүгээр гудамжны үерийн ус залуулах далан таглаж хашаа барьсан айлыг нүүлгэн шилжүүлсэн ба нийт 23.4 м3 хог хаягдал цэвэрлэж, 80 тн шороо зөөж 1.4 га талбайг тэгшилсэн. 

  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн  хооронд мөндөр, аадар бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243  дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр  цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын  газрын 25 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 31 алба хаагч, Хилийн 0101, 0243 дугаар ангийн 27 алба хаагч, Тагнуулын газрын 6 алба хаагч, 1 автомашин, ХХААГ-ын 10 ажилчин, Авто зам засвар, арчилалтын “Сэлэнгэ” ХХК-ийн 20 хүн, 9 техник, “Урсгал-Ус” ХХК-ийн 15 алба хаагч, “Сэлэнгэ-Энерго” дулааны станцын 21 хүн, 2 автомашин, БОАЖГ-ын 10 ажилтан, орон нутгийн 99 иргэн, ЭМГ-ын 25 албан хаагч, 3 автомашин, нийт 12 байгууллагын 289 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.22-ны өдөр гамшгийн голомтод сэргээн босгох ажлыг  зохион байгуулж, Хонгорморьт, Цагаан-Эрэг, Баянхан, Ганзам багуудад үүссэн лаг шавар хогийг цэврэлэсэн. Мөн 270 м3 хайрга зөөж зам талбай хонхор газрыг тэгшилсэн. Сүхбаатар сумын 2, 3, 4, 6, 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, нийтийн орон сууцны 24 дүгээр байранд 350 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.   

4. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Гурван гуя” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ иргэн Ц /60 настай, эмэгтэй/ жимс түүхээр 07.22-ны өдрийн 04:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 17:10 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба  хаагч,1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашин, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан, иргэн Ц 20:15 цагт аймгийн төвд эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн  “Хаваржааны-Үзүүр” гэдэг газар  / сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ сумын  иргэн Ө /16 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.19-ний 08:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 11:00 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 15 хүн, 6 автомашинтай Хаваржааны-Үзүүр гэдэг газраас 2 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан, иргэн С.Өлзийбаяр 07.21-ний өдрийн 03:37 цагт гэртээ эсэн мэнд  ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар Ховд голд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллагын 25 алба хаагч, 4 автомашинтайгаар  эрэн хайх ажиллагааг 06.25-ны өдрөөс 07.09-ний өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн шийдвэрээр 07.09-ний өдрийн 10:00 цагт түр зогсоосон байсныг 07.21-ний өдрийн 09:00 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь гаргасан. Ховд аймгийн Онцгой байдлын газрын 1, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 2, Увс аймгийн Онцгой байдлын газрын 4, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 1, нийт 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.22-ны өдрийн байдлаар Бугат сумын Бугат багийн нутаг Хасбаатарын хөшөөнөөс Ногооннуур сумын Бахлаг багийн “Тавалтайн хавцал” гэдэг газар  хүртэл “Ховд” голын усаар нийт 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 9 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт  түр зогсоосон.    

Нийслэлийн  Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Энгэр шандын “Халгайтын-Ам” гэдэг газар “Туул” голын усанд эмэгтэй хүн живж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 14:20 цагт очиж, иргэн О /42 настай, эмэгтэй/-ыг усанд живж байхад нь гаргаж аюулгүй болгосон.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанчулуу багийн “Таван салаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 125 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/“Нарийн гол”-ын усанд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 10-А байрны 8 тоотод оршин суугч иргэн Г-ын 34-30 улсын дугаартай, “Тоёото Тундра” загварын автомашин /5 зорчигч нь голын эрэг дээр эсэн мэнд гарсан/ живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 21:30  хүлээн авсан. Баян-Өлгий аймагт үерийн сэргээн босгох ажилд үүрэг гүйцэтгэж байсан Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 125 км зам туулан 02:25 цагт очиж, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

 Бусад:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн дэргэд Иргэн Э /50 настай, эмэгтэй/ 46-30 УНЯ улсын дугаартай, “Тоёото” загварын суудлын автомашинтай “Туул” голын усанд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 09:56 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 21 км замыг туулан 10:30 цагт очиж, 45 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж”-ийн модон гүүрний дэргэд “Туул” голын усанд иргэн Ө-ийн 66-66 УБО улсын дугаартай “Ланд Крузер-100” загварын автомашин /2 зорчигчтой/ живж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16 км зам туулан 15:10 цагт очиж, татан гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Уу булан” амралтын газарт Амарч байсан 54 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 16:00 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16 км зам туулан 17:10 цагт очиж, усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт гаргасан.         

                                                ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top