Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор,  Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед  12-14 м/с хүрч ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 29, 30-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 31, 8 дугаар сарын 1-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 31, 1-нд говь, талын нутгаар хална.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Төмөртэй” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км/Иргэн Ц-ын 5 ханатай гэр, мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20 км зам туулан 12:10 цагт очиход гэр мотоцикл 2 шатаж дууссан байсан тул шалгалт хийгээд буцсан. 

Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 29 дүгээр гудамжинд иргэн З-ийн байшин шатаж байна дуудлагыг 07.27-ны өдрийн 17:41 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 17:52 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 5 дугаар гудамжны “Задгай”-д эзэн нь тодорхойгүй, улсын дугааргүй “Аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 01:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулж, 01:27 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны ”Рашаан”-ы 8 дугаар гудамжинд иргэн Э-ын байшингийн дээвэр шатаж байна дуудлагыг 07.28-ны өдрийн 03:54 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 04:03 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд  56-15 УНЕ улсын дугаартай “Даево” загварын ачааны автомашинтай, 76-45 УНН улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашин мөргөлдөж замын хажуу руу унасны улмаас автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /40 настай эрэгтэй/ автомашны төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул 18:20 цагт эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.   

4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 2 нэгж техник Аймгийн ЗДТГ-ын 3 алба хаагч, 2 нэгж техник, Цагдаагийн газрын 5 албан хаагч, 2 нэгж техник, Мэргэжлийн хяналтын газрын 15 албан хаагч, 2 нэгж техник, Эрүүл мэндийн газрын 20 албан хаагч, 4 нэгж техник, Өлгий сумын мэргэжлийн ангийн 25 албан хаагч, 2 нэгж техник, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн 4 хүн, 2 нэгж техник, Боловсрол, соёл урлагийн газрын 39 албан хаагч, 2 нэгж техник, нийт 9 байгууллагын  115 хүн, 50 нэгж техниктэйгээр 07.27-ны өдөр ажиллаж, үерийн гамшигт өртсөн айл өрх, хүн нэг бүрийн судалгааг гаргах, хохирлын хэмжээг тогтоох, цэвэрлэгээ хийх, цэвэр усны хомстолд орсон 2, 3, 4, 12, 13 дугаар багуудын айл өрхүүдийг ундны цэвэр усаар хангах ажлыг зохион байгуулж, нийт 192 айл өрхийг 16 тонн ундны цэвэр усаар хангаж, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан 39 тонн үерийн усыг соруулж, нийт 64200 м2  талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ба 132 өрхийн 556 иргэнийг 2 удаа халуун хоол цайгаар үйлчилсэн байна. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 07.17-ны өдрийн 12:48-15:07 цагийн  хооронд мөндөр, аадар бороо /хур тундасны хэмжээ 89,6 мм/ орсны улмаас болсон уруйн үерт тус сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг, Хилийн цэргийн 0101, 0243  дугаар ангиуд, Прокурорын газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Сүхбаатар төмөр замын өртөө, “Алтан тариа” ХХК, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Төрийн банк, Сүхбаатараас-Наушки чиглэлийн 22 дахь км-т төмөр зам, 300 м зам угаагдсан, агаарын шугам тасран сумын хэмжээгээр  цахилгаангүй болсон, 2,3,4,7,8 дугаар багийн 60 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:16 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын  газраас 25 алба хаагч, 4 автомашин, аймгийн ЗДТГ-аас 10 албан хаагч, Сүхбаатар сумын ЗДТГ-аас 10 хүн, ХЦ-ийн 0243, 0101 дүгээр ангиас 16 алба хаагч, 9 автомашин, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, сургууль, цэцэрлэг зэрэг нийт 174 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдөр  Салхит багт 150 м урт үерийн далангийн шороог гаргаж, 120 м урт даланг бетон цутгаж, 47.05 м3 хайрга зөөвөрлөж 323 м урт үерийн даланг, Буур хээр багийн 47 м урт үерийн даланг тус тус сэргээн засварласан. Мөн 40 км урт автозам ба 15 га газарт ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Дүнгэнээгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/07.27, 28-ны өдөр усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт “Актив-Адвинчер тоурс” ХХК-ийн эзэмшлийн 36-88 УБИ улсын дугаартай “УАЗ фургон-453”  загварын суудлын автомашин урссан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 07.28-ны өдрийн 06:30 цагт Баяндалай сумын Баян багийн “Дүнгэнээгийн-Ам” гэдэг газар руу явсан.

Хүчтэй салхи, шуурга:Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат  суманд 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсаны улмаас  Өндөр-Улаан-Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ нам хүчдлийн сүлжээнд 0,4 кВ-ын 30 тулгуур багана унаж, Архангай аймгийн  Өндөр-Улаан, Тариат, Цагааннуур /баг/, Цахир, Хангай, Чулуут сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Галт сум, Завхан аймгийн Их-Уул сум, нийт 3 аймгийн 10 сум цахилгаангүй болсон, мөн 31 хүний биед хүнд хөнгөн гэмтэж сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн ба 29 хүнд тусламж үзүүлэн гаргаж, иргэн  Д/80 настай, эрэгтэй/, С /48 настай, эмэгтэй/, нар хэвтэн эмчлүүлж, 11 аж ахуйн нэгж байгууллгын байрны дээвэр, 50 орчим айл өрхийн байшингын дээвэр хууларч, 82 айл өрхийн гэр нурснаас 26 айлын гэр сэргээн засварлах боломжгүй болсон тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. 07.26-ны өдрийн 21:23 цагийн байдлаар тус компанийн Архангай аймгийн Жаргалант салбарын 1, Өвөрхангай салбарын 1, Хархорин салбарын 1, нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр 35 кВ-ын 15 ширхэг, 0.4 кВ-ын 30 ширхэг  цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана, 1 шугамын төгсгөлийн анкерыг босгосон. 07.27-ны өдрийн 10:27 цагт дээрхи 3 аймгийн 10 сумын цахилгааныг холбож хэвийн ажиллагаанд шилжүүлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
scroll to top