Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 8 дугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 1, 2-нд зарим газраар, 3, 4-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 2-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүн байна.

   2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Завхан аймгийн  Тэс сумын Дооно багийн “Тосгоны гэзэг” гэдэг газар Иргэн С-ын малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 18:48 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  57 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 19:57 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

  3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт:Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн “Бүс хайрхан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т, У-94066/00//, Ө-45021/00///07.30-ны өдрийн 12:59 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с утсаар мэдээлсэн.   Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Бугат өртөөний ахлах техникч Ч.Батмөнхөөс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 3 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 6 алба хаагч, 2 нэгж техниктэй, ЗХ-ний 340 дүгээр ангийн 9 алба хаагч, 5 нэгж техниктэй, Хилийн 0165 дугаар ангийн 8 алба хаагч, 3 нэгж техниктэй,  аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 хүн, 1 нэгж техниктэй, Мэргэжлийн хяналтын газрын 3 хүн, 1 нэгж техниктэй, Эрүүл мэндийн газрын 10  хүн, 5 нэгж техниктэй, Хүнс хөдөө аж ахуйн 5 хүн, 1 нэгж техниктэй, Өлгий сумын ЗДТГ-ын 31 хүн, 11 нэгж техниктэй,  Боловсрол, соёл урлагийн газрын 2 хүн, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 10 хүн,  НҮБ-ын хүн амын сангийн 3 хүн, 2 нэгж техниктэй, нийт 12 байгууллагын 99 хүн, 34 нэгж техниктэйгээр 07.30-ны өдөр үерийн гамшгийн голомтод сэргээн босгох ажиллагааг явуулж, 1532 тн лаг, шороо цэвэрлэж, “НҮБ”-ын хүн амын сангаас 13,000,000 төгрөгийн үнэ бүхий ариун цэврийн багц тусламжийг Улсын нөөцийн салбарын Өлгий цэгээс үерийн гамшигт өртсөн 250 иргэнд хуваарилан олгосон. Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн байранд  байрлаж байгаа 8 өрхийн 30 иргэнийг хоол, цайгаар хангаж, орчны цэвэрлэгээг хийх ажлыг зохион байгуулсан байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:28 цагт  нэр хаяг тодорхойгүй, удаж муудсан /40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцсыг  гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top