Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн аймгуудын нутгйин өмнөд хэсгээр 31-36 градус, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.  

Төлөв байдал: 8 дугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 1, 2-нд зарим газраар, 3, 4-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан:Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  Согоот багийн 1 дүгээр гудамжинд иргэн Т-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,5 км зам туулан 17:23 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 15 дугаар гудамжинд иргэн М-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн  12:45 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 7,6 км зам туулан 12:48 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О /40 настай, эрэгтэй/ согтуу, угаартсан, бугуйны судсаа зүссэн байдалтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:05 цагт  хүлээн авсан. Дахин 07.16-ны өдрийн 17:13 цагт аадар бороо орж, “Бөхөн” уулнаас уруйн үер буусан тухай мэдээллийг 17:46 цагт  хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 3 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 6 алба хаагч, 2 нэгж техниктэй, ЗХ-ний 340 дүгээр ангийн 9 алба хаагч, 5 нэгж техниктэй, Хилийн 0165 дугаар ангийн 8 алба хаагч, 3 нэгж техниктэй,  аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 хүн, 1 нэгж техниктэй, Өлгий сумын ЗДТГ-ын 7 хүн, 4 нэгж техниктэй, Мэргэжлийн хяналтын газрын 3 хүн, 1 нэгж техниктэй, Эрүүл мэндийн газрын 10 хүн, 5 нэгж техниктэй, Хүнс хөдөө аж ахуйн газрын 5 хүн, 1 нэгж техниктэй,  Боловсрол, соёл урлагийн газрын 2 хүн, 1 нэгж техник, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 7 хүн, 2 нэгж техниктэй, нийт 11 байгууллагын 69 хүн, 28 нэгж техниктэйгээр 07.31-ний өдөр үерийн гамшгийн голомтод сэргээн босгох ажиллагааг явуулж, нийтийн эзэмшлийн 12,4 га талбайгаас 1485 тн лаг шавар цэвэрлэж, 99 удаа тээвэрлэлт хийж зайлуулсан, 4 га талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд байрлаж байгаа 8 өрхийн 30 иргэн хоол, цайгаа өөрсдөө хариуцаж байна. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Усны осол /эрэн хайх, аврах/:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Өлгий сумын Ж/10 настай, эрэгтэй/, А/13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.31-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлэх хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 9 хүн, 1 автомашинтай, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 10:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Бугат сумын Бугат багийн “Бугын голын Есөн салааны-Эх” гэдэг газраас Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын усаар нийт 7 км-т, 3 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны эцсийн буудлын хойд талд “Туул” голын усанд хүн живсэн байна гэсэн дуудлагыг 07.31-ний өдрийн 18:29 цагт /хүлээн авсан.  Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 19:08 цагт очиж,15 минут ажиллаж, хаяг, нэр нь тодорхойгүй /20-30 орчим настай, эмэгтэй/ хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top