Гамшгийн эрсдэлийг тооцож сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй

zgm_hevtee_P2s7RWC.jpg

Өнгөрсөн сард Баян-Өлгий аймгийн Өлгий хот болон бусад суманд болсон үерийн дараа ард иргэдийн сэтгэл санаа хүнд, гамшгийн нөхцөл байдлыг даван туулах аргаа олоход хэцүү байгаа талаар манай сонинд нэгэн уншигч сэтгэгдлээ ирүүлсэн юм. Хэдийгээр мэргэжлийн байгууллага, холбогдох албаныхан үерийн голомт дээр ажиллаж, шаардлагатай арга хэмжээ авч, олон улсын болон бусад байгууллага, хамт олон сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлж буй ч хэвийн амьдралдаа эргэж ороход иргэдийн гамшгийг даван туулах чадвар чухал байдаг аж. Иймд бид ОБЕГ-ын харъяа, олон нийтэд үйлчилдэг Давтан сургалт, сэргээн заслын төвийн сэтгэлзүйч, дэслэгч Ц.Энхтуяа, Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн нартай гамшигт өртсөн хохирогчдын сэтгэл зүйн байдал болон хүнд үеийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.
-Аливаа байгалийн гамшгийн үед хүн сэтгэл зүйн цочролд орж, шийдвэр гаргах чадвараа алддаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд яах ёстой вэ?
-Ц.Энхтуяа: Гамшиг гэдэгт зөвхөн байгалийн гамшгийг хамааруулах нь өрөөсгөл, хэмжээ хязгаар нь хэтрэхээрээ ямар ч зүйл гамшиг болж хувирдаг. Тиймээс хүнд тохиолдож буй бүхий л асуудлыг ямар нэг байдлаар хурдан шийдэх хэрэгтэй. Гамшгийн үед хүн айж сандарснаас яахаа мэдэхгүй гацах, мөн зугтах, эсвэл тэмцэж эхлэх гэсэн гурван төрлийн хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь тухайн хүний онцлогоос шалтгаалдаг. Гэхдээ иргэд бэлтгэлгүй байдгаас гамшийн үед хаана, хэнд дуудлага өгөхөө мэддэггүй. Үүнээс болж цаг хугацаа алддаг. Өөрөөр хэлбэл, иргэд өөрөө гамшигт нэрвэгдэхээс нааш бэлэн байдлаа хангах талаар огт бодохгүй, мэдэхгүй байна. Тиймээс хүүхдүүдэд багаас нь гамшиг, анхны тусламжийн талаар байнга хичээл ордог байх хэрэгтэй. Гадаад улс оронд иргэддээ багаас нь ийм боловсрол олгосноор бие нь муудсан хүнд анхны тусламж хүн бүр үзүүлэх чадвартай байдаг. Харин манайд эсрэгээрээ. Тиймээс хүн бүр сэтгэл зүйн бэлтгэлтэй, гамшгийг даван туулах чадвар сайтай, үр хүүхдээ ч ийм чадварт маш сайн суулгаж, өөрийгөө хэцүү байдалд орж буйгаа мэдэрч, мэдсэн тохиолдолд сэтгэлзүйчээс тусламж хүсч, асуудлаа дор бүр нь гаргаж, шийдвэрлэх арга замаа олох хэрэгтэй.

-Б.Энхлэн: Манайд зарим улс оронтой харьцуулахад гамшиг цөөн болдог, тархай бутархай амьдардаг тул гамшгийн үеэр яах ёстой талаар хүмүүсийн дунд мэдээлэл маш дутмаг. Олон нийтэд мэдээлдэггүй учраас ард иргэд ч энэ талаар үр хүүхдэдээ мэдээлэл өгдөггүй. Ийм учраас л хүн үер зэрэг байгалийн гамшгийн үед яахаа мэддэггүй. Нөхцөл байдал тодорхойгүй, яахаа мэдэхгүй байх үед хүмүүс айдас түгшүүрт автдаг. Хүмүүс гамшгийн үед эсрэг эсвэл зөв хариу үйлдэл үзүүлдэг. Тухайлбал, өөдөөс нь машин ирж байхад зугтахын оронд машины явж буй чиглэлд зам дагаад гүйх гэх мэт үйлдэл үзүүлдэг. Гамшгаас үүдсэн цочрол хүнд хүчтэй үйлчилдэг. Үүнээс болж сэтгэлийн зовиур шаналал, дарамт үүсдэг.

-Сэтгэл зүйн бэлтгэл хэрхэн хангах талаар та тодорхой хэлэхгүй юу?

-Ц.Энхтуяа: Хамгийн түрүүнд эрсдэлээ тооцсон байх ёстой. Үүнийг багаас нь сургавал хүн хашаа байшин барихдаа ч хамгийн түрүүнд эрсдэлээ тооцоод сурчихдаг. Нам дор, тэгш газарт хүн санхүүгийн боломжиндоо тааруулаад намхан суурь цутгадаг. Харин эрсдэлээ сайн тооцдог хүн бол ядаж нэг метр өндөр суурьтай барина шүү дээ. Эрсдэлээ тооцно гэдэг нь сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж буй хэрэг юм. 2012 онд 13 дугаар хороололд үер буухад нэг л айл үерт автаагүй. Яагаад гэвэл, тухайн айл жил бүр шороо авчирч асгаад, гэрээ өндөрлөж барьдаг байсан юм. Бидэнд ийм л сонор сэрэмж, ахуй амьдралдаа арчаатай байх чадвар дутагдаад байна. Гэнэтийн үйл явдал болвол ингэнэ тэгнэ гэсэн тодорхой төлөвлөгөө, бодолтой байх хэрэгтэй. Мөн аливаа гамшигт өртсөний дараа хамгийн түрүүнд хөөцөлдөх ажил бол бичиг баримт байдаг. Хохирлоо барагдуулах, шаардлагатай тусламж авах гээд дараа дараагийн арга хэмжээ авахад бичиг баримт нэхэгддэг. Хэдийгээр одоо мөнгийг банкинд хадгалдаг болсон ч айл бүрт сейф байх ёстой гэж би хувьдаа үздэг. Сейфэнд хамгийн чухал, хэрэгтэй бичиг баримтуудаа хадгалах хэрэгтэй. Гал түймэр, үер болоход сейф л үлдэнэ шүү дээ.

-Уг нь усархаг бороо орж, үер бууна гэдгийг сэрэмжлүүлээд байсан боловч ард иргэд үйл олноор өртлөө. Үүний шалтгааныг юунаас хайх вэ?

-Б.Энхлэн: Гамшгийн үеэр хүмүүс яаж сэрэмжлэх ёстойг мэддэггүй. Сэрэмжлээрэй гээд зүгээр мэдээлэхээс гадна цооног гаргаснаар, гэрээ өндөрлөснөөр та ийм аюулаас сэргийлж чадна, ийм ач холбогдолтой, эс бөгөөс ийм эрсдэл үүсэж болзошгүй гэх мэт мэдээлэл дутмаг байгаа юм болов уу. Иймэрхүү мэдээлэл маш дэлгэрэнгүй, нарийвчилсан байх хэрэгтэй.

-Гамшигт нэрвэгдсэн хүмүүс сэтгэл санааны цочролоос хэр удаж байж гардаг вэ. Хэвийн амьдралдаа эргэж орохын тулд тухайн хохирогч яах ёстой вэ?

-Ц.Энхтуяа: Тухайн хүний онцлог, асуудлыг яаж хүлээж авч буйгаас их зүйл шалтгаална. Үерт аавыгаа алдлаа гэхэд нэг нь сэтгэл санаагаар унаж, амьдралаа ч авч явж чадахгүй болоход өөр нэг нь хэвийн үргэлжлүүлж байх жишээтэй.

• Манайд зарим улс оронтой харьцуулахад гамшиг цөөн болдог, тархай бутархай амьдардаг тул гамшгийн үеэр яах ёстой талаар хүмүүсийн дунд мэдээлэл маш дутмаг.
• Хэдийгээр насанд хүрсэн хүмүүс хүүхдээс илүү хариу үйлдэл үзүүлэх чадвартай боловч нөхцөл байдлыг маш хүчтэй хүлээж авдаг.
• Аврах ажиллагаанаас ирээд тэр бүр нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ авч чаддагүй.

Ер нь хүн гамшгийг амьдралд нь тохиолдож буй золгүй явдал л гэж ойлгох хэрэгтэй. Гамшгийн үед хохирогчид амьдрал ингээд л дууслаа, сүйрлээ, харанхуй хонгил руу уналаа гэсэн бодолд автдаг. Хүний толгойд өдөрт 600 орчим мянган бодол эргэлддэгийн 85 хувь нь сөрөг. Гэтэл үүнийг эерэг болгох бүрэн боломжтой шүү дээ. Гамшигт нэрвэгдэж сүйрлээ гэж гутрахын оронд гарц гаргалгааг нь хайж эрэлхийлэх хэрэгтэй. Амьд хүн аргатай гэж монголчууд ярьдаг. Тиймээс шаналж, гутарч суухын оронд дараа дараагийн алхмаа маш түргэн хугацаанд хийх хэрэгтэй.

-Б.Энхлэн: Болоод өнгөрсөн нөхцөл байдлыг аль болох бодохгүй байх хэрэгтэй. Ирээдүйгээ харж явбал гамшгийг хурдан даван туулна. Мөн нэгэнт өрнөөд буй үйл явцыг хүлээн зөвшөөрч, цаашид яахаа, ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. Үүнд мэдээж ойр дотны тусламж дэмжлэг хэрэгтэй. Утсаар ярих, хэр зэрэг байгааг нь асуух, цаашлаад сэтгэл зүйн болон эд материалын туслалцаа үзүүлэх нь гамшгийн үеийн хүнд байдлыг даван туулахад нь дэмжлэг болдог. Харин эрх баригчдын зүгээс ард иргэдийг тайван байлгаж, сэтгэл зүйн хямралаас сэргийлэхийн тулд гамшгийн дараа хаана очих, хэнд хандах, нөхцөл байдал ямар байгаа, дараагийн алхам юу байх гэх мэт нарийвчилсан мэдээллийг цаг алдалгүй мэдээлж хэвших нь чухал. Үүний хариуд, иргэдэд ямар ч байсан биднийг анхааралдаа авсан, халамжлуулж байгаа гэсэн мэдрэмж төрдөг. тайвширсан хүмүүс эргээд оновчтой шийдвэр гаргадаг давуу талтай.

-Гамшгийн үед сэтгэл хөдлөлөөс ямар сөрөг үр дагавар гардаг вэ?

-Б.Энхлэн: Хэдийгээр насанд хүрсэн хүмүүс хүүхдээс илүү хариу үйлдэл үзүүлэх чадвартай боловч нөхцөл байдлыг маш хүчтэй хүлээж авдаг. Үүнээс болж сөрөг мэдрэмжид хэт автаж, яваандаа бие, сэтгэл зүйн өвчтэй болох эрсдэлтэй. Цөөхөн хэсэг нь тухайн нөхцөл байдлыг хар дарж зүүдлэх, нойргүйдэх, болсон зүйлийн талаар дахин дахин бодох, нүдэндээ харах, хөлрөх, толгой нь өвдөх, бөөлжих зэрэг сөрөг нөлөөнд автдаг. Энэ тохиолдолд мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид яаралтай очих хэрэгтэй. 1992 онд АНУ-ын Майамид болсон шуурганд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйг судалсан судалгаа байдаг. Байгалийн гамшигт өртсөн хүүхдүүдийн гуравны хоёр нь сэтгэл зүйн анхан шатны хямралд орсон байсан. Энэ стрессээ гадагшлуулахгүй удсанаас түгшүүр үүсэх эмгэг буюу PTST (post-traumatic stress disorder)-тэй болох эрсдэлтэй. Тиймээс эцэг эхийн хүүхдүүддээ юу болж буйг, цаашдаа яах талаар хэлж, тайвшруулсан үг сэтгэл зүйн хямралд орохоос нь маш сайн сэргийлдэг. Хэдийгээр та яахаа мэдэхгүй байсан ч таамаг ч болтугай хүүхдэдээ хэлж, тайвшруулаарай.

-Гамшгийн үед буруу хариу үйлдэл үзүүлдэг хүн зөв хариу үйлдэл үзүүлдэг болохын тулд яах вэ?

-Б.Энхлэн: Мэдээллээр хангагдах нь л маш чухал. Японд газар хөдлөлтийн үед яах хэрэгтэй, юуг анхаарахыг хүүхдэд бүр багаас нь зааж, сургаж хэвшүүлдэг. Энэ нь гамшгийн үед авах арга хэмжээ болж хувирдаг. Байгалийн гамшгийн үед тухайн гамшгийн талаар хэн нэгнээс сонсож байсан үг, заавар зөвлөмж, буцаад хэрэг болдог. тийм болохоор заавал мэдээлэл өгөх хэрэгтэй.

-Гамшгийн үед дагалдаж гарах сөрөг зүйл юу вэ. БаянӨлгийд л гэхэд хулгай тонуул маш их гарч байна?

-Ц.Энхтуяа: Хулгай бол наад захын жишээ шүү дээ. Эмх замбараагүй байдлыг далимдуулж, дайны хажуугаар дажин дэгдээх сонирхолтой хүмүүс маш их. Үүнээс гадна манайд бол халдварт өвчин дэгдэхэд тун ойрхон байна. Хөрсний бохирдол туйлдаа хүрсэн нь хамгийн аймар байна. Дэд бүтэц, дэлгүүр хоршоо гээд төвтэйгээ ойрхон байвал боллоо гэж боддог болохоос биш эрсдэлээ ерөөсөө боддоггүй.

-Гамшигт өртсөн хохирогчдоос гадна аврах баг, аврах ажиллагаанд оролцож буй мэргэжлийн бус хүмүүс сэтгэл зүйгээ бэлдэх, зөв удирдах нь чухал байх?

Ц.Энхтуяа: Тэгэлгүй яах вэ. Хохирогчдыг аврах явцад олон зүйл тохиолдоно. Тухайлбал, усанд живж байгаа хүнийг аврах үед ар гэрийнхэн, хамт яваа хүмүүс нь “хурдан авраач, хурдлаач” л гээд орилоод байдаг. Тийм үед тайван байдлаа аль болох хадгалах хэрэгтэй. Манай онцгой байдлын аврагчид бол ямар ч нөхцөлд хүмүүстэй харилцаж чаддаг, мэргэжлийн сэтгэлзүйчээс ялгагдахааргүй уран чадвардаг харьцдаг. Өөрийнх нь гэр урсаж байхад хүн аварч, ажлаа хийгээд байж байдаг. Гэвч аврах ажиллагаанаас ирээд тэр бүр нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ авч чаддагүй. Тийм боломж нь ч хомс байдаг. Үүний улмаас болсон явдлыг мартаж чадахгүй хямрах, нойргүйдэх, мэргэжлийн тусламж авч чадаагүй учраас мартахын тулд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх тохиолдол бий. Тиймээс аврагчдын сэтгэл зүйг нөхөн сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Тухайн аврах багийг ахалж байгаа хүн нь аврагчдынхаа сэтгэл зүйг бэлддэг. Шинэ аврагчид бол 1-2 удаа дагалдаад л дараагийнхаас нь эхлээд өөрсдөө бие даадаг.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

scroll to top