1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо шивэрнэ, салхи баруун хойноос 6-11 м/с, 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Буянт-Ухаа”-гийн 5 дугаар гудамжинд Иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 12:43 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Буянт-Ухаа”-гийн 23 дугаар гудамжинд Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 15:56 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн нэгдүгээр гудамжинд Иргэн Б-ийн 8х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Иргэн Б-ийн гал унтраах зориулалтын автомашинаар унтраалгах шаардлагатай гэсэн хүсэлтийн дагуу ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаярын шийдвэрээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай мөн өдрийн 17:02 цагт явж, 67 км зам туулан 18:01 цагт очиход, орон нутгийн 20 иргэн, 2 автомашинтай ажиллаж 17:26 цагт унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 9 дүгээр хорооны 9 дүгээр гудамжинд Иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 05:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 05:07 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
3. Зам тээврийн осол:
Хэнтий аймаг, Мөрөн сум Чандгана багийн “Гичэгний гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 34 км-т/ Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин, иргэн Ц-ийн эзэмшлийн ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид иргэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, “Портер” загварын ачааны автомашинтай, 29-47 СҮА улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн И /64 настай, эмэгтэй/, Т /42 настай, эмэгтэй/, Х /13 настай, эмэгтэй/-ын цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Уруйн үер:Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хар тээг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/ 08.05-ны өдрийн 05:00-06:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт мотоциклоор мал хариулж байсан тус багийн харьяат иргэн М /19 настай, эрэгтэй/, С /10 настай, эмэгтэй/ нар урссан бөгөөд С /10 настай, эмэгтэй/ нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн 3 эмч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, нийт 26 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:37 цагт тус багийн харьяат иргэн М /19 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 200 м зайтай газраас олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т / Багануур дүүргийн харьяат иргэн Ж /57 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтуу гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.14-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрөөс 07.20-ны өдөр хүртэл “Хэрлэн” голын усанд эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 08.02-ны өдрийн 14:05 цагт дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 6 хүн, 6 морь, нийт 11 хүн, 1 автомашин, 6 морьтой 08.05-ний өдөр осолдсон газраас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Бууралын булан” гэдэг газар хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:50 цагт түр зогсоосон.
Булган аймгийн Орхон сумын Бөхт багийн “Цагаан давлан” ууланд /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Жимс түүж явсан 8 хүнээс Булган сумын харьяат иргэн О-ийн охин М /15 настай, эмэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 9 хүн, 2 автомашин, нийт 15 хүн, 3 автомашинтай, мөн өдрийн 18:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.06-ны өдрийн 02:30 цагт “Цагаан давлан” уулаас зүүн зүгт 23 км “Азрагын даваа” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Хүрэмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Өв-Өгөөмөр ХХК-ийн “Өгөөмөр” сувилалд амарч байсан Арвайхээр сумын харьяат иргэн С /80 настай, эмэгтэй/ 08.05-ны өдрийн 17:00 цагт сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, Өгөөмөр сувиллын газрын 10 хүн, 5 автомашин, нийт 15 хүн, 6 автомашинтай мөн өдрийн 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газар