З.Батболд: Би “Онцгойгийн тамирчин” гэж албаа иргэдэд сурталчилж уралддаг

36319835_1257926171007194_6913398914074804224_n-960x570.jpg

Бид ярилцлагын танхимдаа энэ удаад Онцгой байдлын газрын алба хаагч З.Батболдыг урилаа. Түүнтэй албаных нь тухай болон түүний хобби болсон автоспортын талаар сонирхолтой яриа өрнүүлсэнээ хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхлээд өөрийгөө уншигчдад товчхон танилцуулах уу?

-Намайг Зоригтын Батболд гэдэг. Би Гал түймэр унтраах, аврах 63-р ангид галын автомашины жолоочоор ажилладаг, Ахлах ахлагч цолтой. Мөн автоспортын тамирчин. Эхнэр, хоёр хүүтэй.

-Бусдад буянтай ч, амь дүйсэн албанд яагаад бие, сэтгэлээ зориулахаар шийдсэн юм бол?

-2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр МИ8 онгоц Сэлэнгэ аймгийн нутагт осолдож 15 залуу эх орныхоо төлөө алтан амиа өргөснийг монголчууд санаж байгаа байх. Тэр үйл явдлаас хойш л энэ албанд оръё гэж бодож сонгосон доо. Тэр үед би Аялал жуулчлалын менежер, газар зүйч чиглэлээр сурдаг 3 дугаар курсийн оюутан байлаа. Энэ мэргэжлээрээ төгссөн. Гэхдээ л онцгой албыг сонгосон.

Өөрийн бололцоогоор албандаа нэмэр болохоор чиргүүл хийж бэлэглэсэн

-Онцгой албанд ажиллах үед шантрах юм их л гардаг байх. Онцгойгийн онцгой хүмүүс байнга л эрсдэл аюулыг сөрж явдаг. Амь хайргүй зүтгэх тэр үнэ цэнэ юунд оршдог юм бол?

-Анх онцгойд орчихоод шантрах үе байлгүй яахав. Юу ч үзээгүй хүүхэд нэг л их сайхнаар төсөөлж орж байлаа. Гэтэл төсөөлсөнөөс тэс өөр ажил угтаж авсан. Юнд ороод ирэв ээ гэсэн бодол хүртэл төрж байсан. Гэвч бид бол эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Энэ бүхний үнэ цэнэ гэвэл эх оронд минь оршдог юм.

-Мэдээж энэ албаныхнаас их хүч хөдөлмөр шаарддаг. Гэвч өөрсдийгөө хэчнээн дайчлаад ч гамшгийн өмнө хүчин мөхөсдөх тэр үед юу гэж бодогддог вэ?

-Хүний сайхан сэтгэл, тус дэм хэзээ ч багаддаггүй. Бидэнд заримдаа техник хэрэгслийн дутагдал гардаг л юм. Тиймээс би дутуу гээд гар хумхиад суух биш, өөрийн бололцоогоор албандаа нэмэр болохоор чиргүүл хийж бэлэглэсэн байгаа. Энэ чиргүүлийн хувьд ажлын бүтээмж сайжруулах, богино хугацаанд маневр хийх, галын голомтод усаа хүргэх, гал унтрааж байгаа алба хаагчиддаа усыг нь ойртуулах гэсэн бодолтой хийсэн. Энэ санаагаа эртнээс бодож явж байгаад хэрэгжүүлсэн юм. Чиргүүлийн зориулалт нь ой хээрийн түймэрт ажиллах ба сорох болон шахах помп насостой.

-Манай онцгойгийнхон уул өөд, уруу савтай ус бариад зөөдөг гэсэн. Тэгэхээр таны энэ чиргүүл багагүй нэмэр болох байх. Гэхдээ чиргүүлээ өөд нь яаж гаргах билээ?

-Манай албанд Nissan safari гэдэг галын зориулалтын, туулах чадвар маш сайтай жийп байдаг. Тэр машиндаа борхов буюу чиргүүл чирэгч хийж чиргүүлээ чирдэг. Тэр жийп хаана хүрнэ, тэр газар чиргүүл хүрнэ гэсэн үг.

-Хэчнээн төгрөгийн өртгөөр бүтсэн юм бол. Ийм чиргүүл ер нь онцгой албанд байдаг уу?

-Нийт 1.8 сая орчим төгрөгийн зардал гарсан. Ийм чиргүүл бусад албанд байхгүй.

-Та бүхэн дандаа хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. Тэр болгонд хүмүүст хандаж хэлмээр санагддаг үг байдаг л байх. Юу гэж хэлэхийг хамгийн их хүсдэг вэ?

-Бидэнд ирсэн дуудлага бүр хүний хайхрамжгүй хариуцлагагүйгээс болж гарсан үйлдэл байдаг. Ард иргэддээ хандаж хэлэхэд анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй, дор бүрнээ хариуцлагатай байгаасай л гэж хэлнэ дээ. Татсан тамхиныхаа ишийг хаяхдаа хүртэл хаана унав, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй газар унасан биз гэж араас нь харж байх ёстой. Хайхрамжгүй шидсэн тамхины иш асар том гарз хохирол учруулдаг.

-Гал сөрсөн ажлын сайхан нь юундаа оршдог юм бол оо?

-Бусдаас баярлалаа гэдэг үгийг сонсох л сайхан даа.

-Одоо бол бараг хүн бүр өөрийгөө жолооч гэх байх. Тэгвэл галын автомашины жолооч байхын онцлог нь юу вэ?

-Галын автомашины жолоочийг нэг үгээр тодорхойлж хэл гэвэл “хариуцлага” гэж хэлнэ. Яагаад гэвэл нэгдүгээрт, өвөл, зун, хальтиргаа, гулгаа, өгсүүр, уруу, ямар ч зам дээр цаг хугацаатай уралдаж аль болох богино хугацаанд хаяган дээрээ очих ёстой. Хоёрдугаарт, кабиндаа сууж яваа алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хариуцаж явдаг болохоор маш том хариуцлага бидэнд ногддог. Тиймээс бидэнд алдах эрх байхгүй. Мөн миний ажил цаанаасаа л ур чадварыг надаас шаарддаг.

-Галынханд хаягжилт маш их асуудал үүсгэж, цаг алдуулдаг гэдэг. Одоо ямар байна?

-Гайгүй ээ, галын жолооч нар зам гарцын судалгаа хийж явдаг. Жишээ нь, галын машин хаагуур орох боломжтой байна, гудамж нь мухар байна уу, үгүй юу гээд хариуцсан дүүргийнхээ нутаг дэвсгэр, гудамж болгоноор ороод явдаг. Ажлын бус цагаар явж байхдаа ч харж л явдаг юм.

Онхолдсоноос болж хуруугаа хугалж, тархиндаа гэмтэл авч байсан

-Жолооны өндөр ур чадвар шаардсан ажил хийдэг хүн болохоор автоспорт, юм уу мотоспорт сонирхдог уу?

-Би автоспортоор хичээллээд дөрвөн жил болж байна. 2014 оноос уралдаанд оролцож эхэлсэн байгаа. Энэ спортыг сонирхох болсон нь аавтай минь холбоотой. Миний аав автоспортын олон улсын хэмжээний мастер Дорлигийн Зоригт гэж бүх залуу насаа энэ спортод зориулсан хүн бий. Тэгээд би багаасаа л аавынхаа уралдааны машиныг унаж уралдах юм сан, хурдан том болоод аав шигээ мундаг тамирчин болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа.

-Гал сөрсөн ажлаас гадна амь сөрсөн тэмцээнд оролцдог юм байна. Ямар гавъяа шагналтай вэ. Мөн ямар эрсдэлд өртөж байсан бэ?

-2015 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд болсон тэмцээнд годройтойж 2.5 эргэлдэж онхолдсоноос болж хуруугаа хугалж, тархиндаа гэмтэл авч байсан. Гэхдээ би шантраагүй, энэ миний сонирхол, сонголт шүү дээ. Үе дамжсан хобби болохоор ар гэрийнхэн маань ч эсэргүүцдэггүй, ойлгодог. Миний хувьд улсын аваргын хошой хүрэл медальтай. “Мастер кросс 10 жил” мастер кроссын хүрэл, “Үлэмж хурд” мастер кроссын хүрэл медальтай.

-Та амжилттай яваа тамирчны хувьд ивээн тэтгэгчтэй юу. Ер нь бэлтгэлийн зардал, мөн дээр дурьдсан чиргүүлийн зардал зэргийн хөрөнгө мөнгийг хаанаас шийдэх үү?

-Надад ивээн тэтгэгч байхгүй, хувиасаа бүх юмаа гаргаад л уралддаг. Гэхдээ Онцгой байдлын албаны тамирчин гэж албаа иргэдэд сурталчилж уралддаг юм. Харин албандаа зориулсан чиргүүлийн хувьд миний уралдааны машинаас гарсан илүү зүйлсээр энэ албанд ажиллаж байгаагийн хувьд сэтгэл зүрхээ зориулж хийсэн юм. Уралдааны автомашин тоноглох мөнгө санхүүг ерөнхийдөө аав маань гаргадаг.

-Таны аав их л мундаг, үлгэр жишээ хүн юм. Уралдаанч аавын уралдаанч хүү багаасаа машин барьж байв уу. Одоо танай хүүхдүүд бас жолоо мушгидаг уу, үгүй юу?

-Миний аав ардын армийн авто батильон 026-р ангид насаараа тээврийн машин барьсан болохоор би ч бүр багаасаа машин жолоодож эхэлсэн. Зил130  машины тормоз, конс, хаазанд хөл хүрдэггүй байхдаа л аавынхаа өвөр дээр сууж руль /жолоо/ мушгиж сурсан. Тэгээд хөл хүрдэг болоод ганцаараа барьж эхэлсэн дээ. Би аавдаа их баярлаж явдаг. Тэр жаахан хүүд итгэж найдаад тэр том машиныг бариулаад хажууд сууж зааж, зөвлөж өдий дайтай болгосонд нь талархдаг гэдгээ хэлмээр байна. Миний том хүү 6 настай, бага нь 4 настай. Хөдөө явахдаа өвөр дээрээ суулгаад явж өгнө дөө. Сонирхуулахад, миний аав Монгол улсаа төлөөлж 2002 онд африкийн сахарын цөлд SAHARA RALLY уралдаанд уаз 469 машинаар уралдаж байлаа.

-Амжилттай яваа эр хүний ард сайн эхнэр байдаг гэдэг. Гэр бүлийн хүнээ товч танилцуулаач.

-Миний гэр бүлийн хүнийг Ц.Болорцэцэг гэдэг. Бас л надтай адилхан мэргэжилтэй,  одоогоор гэртээ хүүхдээ харж байгаа. Онцгой байдлын албаны алба хаагчдын ард эхнэр байдаг болохоор бид аюулыг сөрж зогсож чаддаг. Тиймээс өөрийн болон бусад бүх алба хаагчдынхаа эхнэрүүдэд баярлалаа гэж хэлье.

-Та бид хоёрын ярилцлага талархалын сэтгэгдлээр өндөрлөж байна. Өөр хэн нэгэнд хандаж хэлэхийг хүсч байгаа үг байна уу?

-Үргэлж тусалж дэмждэг ар гэрийнхэндээ болон БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн ахмад Д.Ууганбаяр даргатай хамт олондоо баярлаж явдагаа илэрхийлье.

-Сайхан яриа өрнүүлсэн Онцгой байдлын газрын алба хаагч З.Батболддоо бас баярлалаа.

   Эх сурвалж: Undesten.mn

 

 

 
scroll to top