Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 02:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км зам туулан 02:56 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Балбархай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 20:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 25  км замыг туулан 08.07-ны өдрийн 21:35  цагт очиж, 50 см зузаан, 50х50 метр хэмжээтэй бууц шатсаныг 17 цаг ажиллаж 08.08-ны өдрийн 14:40 цагт унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 17:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 17:33 цагт очиж, 4 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол: 

Автозамын осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 02:44 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Т-гийн эзэмшлийн 1 зорчигчтой, “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Д-гийн эзэмшлийн  1 зорчигчтой “Портер” загварын ачааны автомашинтай мөргөлдсөний улмаас иргэн Д /38 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 57 иргэн, 4 автомашин, 15 мотоцикл, 17 морьтой эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 11:40 цагаас эхлэн  “Товог” уулын орчмоор 15 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:55 цагт түр зогсоосон.

Бусад: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Соёмботой-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ 08.08-ны өдрийн 16:50-17:05 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон үерт Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан 2 автомашин суусан тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 18:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж Япон Улсын иргэн Т /40 орчим настай, эрэгтэй/, К /30 орчим настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан олон улсын дугаартай “Хайлюкс”,  “Жийп” загварын суудлын автомашинуудыг мөн өдрийн 20:00 цагт татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Арвайн тал багийн “Арвайн тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 18 км-т/ Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн эзэмшлийн ачааны автомашин автозамын хажуу руу орсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 1 зорчигчтой “Даево” загварын ачааны автомашиныг 20:30 цагт автозамын зорчих хэсэг дээр татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top