Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун, төв болон говийн аймгуудын нутгаар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон Дорнод Монголын тал нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав болон говийн бүс нутгаар 28-33 гадус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төв болон говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 15, 16-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 21:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 21:47 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 16:56 цагт очиж Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О-гийн “Тоёото Вероса” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 05 минут ажиллан унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Төмөр замын осол: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багт Төмөр замын 784 дүгээр км-т /сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ суудлын галт тэрэг замаас гарч, 2 вагон унаж, 3 вагон хазайсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 05:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 05:30 цагт гарч 06:30 цагт очиход Улаанбаатар-Сайншанд-Бор-Өндөрийн чиглэлийн Аялалын 286 дугаар галт тэргэнд 328 зорчигч аялаж явсанаас 20 хүн бэртэж, гэмтсэн. Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ, Дорноговь аймгийн ОБГ, Говьсүмбэр аймгийн ОБГ, ЗХ-ий 336 дугаар анги, Дорноговь аймгийн Цагдаагийн газар, ЭМБ, Айраг сумын ЗДТГ, Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг, түүний харьяа анги байгууллагууд, “ЭСТО” ХХК, “Мөнхнаран” ХХК-ийн нийт 371 хүн, 12 техник хэрэгсэлтэйтэйгээр ажиллаж байна. 08.13-ны өдрийн байдлаар 2 зүтгүүрийн галт тэргийг замын зорчих хэсгээс холдуулж тээшний болон зорчигч тээврийн 2 галт тэргийг замаас хөндийрүүлж салган тээвэрлэх ажиллагааг явуулсан. Төмөр замын далан, дэр мод, төмөр замаа тавьж дуусгаад мөн өдрийн 22:50 цагт төмөр замаа нээж олон улс, орон нутгийн ачаа болон хүн тээврийн галт тэргийг саадгүй нэвтрүүлж байна.  Номт, Цагаан хад зөрлөгийн дунд /1011 дүгээр тэмдэгт/ “2 дугаар зуут гүүр”-ийн тулгуур баганын засварын ажлыг хийж дуусгасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уруйн үер: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт 08.12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож 8 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 14 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, тус аймгийн  Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 2 хүн, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 08.13-ны өдрийн байдлаар 2 айл өрхийн гэр, 4 айлын гэрийн эд хогшлыг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:10 цагт зогсоон 08:14-ний өдрийн 05:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн.

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхээн багийн “Ундрагч үр тариа бригад”-ын урд талд /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т/ 08.12-ны өдрийн 22:00 цагт 2 хүүхэд нарсан ойд төөрсөн дуудлагыг 08.13-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч,  цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 14 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 08.13-ны өдөр 03:50 цагаас Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг чиглэлийн засмал замын зүүн талаар 3 км-ын өргөнтэй 6 км урттай нийт 18 км2 талбайд эрлийн ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:45 цагт “Ундрагч үр тарианы бригад”-аас хойд зүгт 6 км-т “Залаагийн-Өвөр” гэдэг газраас Сүхбаатар сумын харьяат Б /17 настай, эрэгтэй/, М /15 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд олж, ээж М-д хүлээлгэн өгсөн.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 31 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 61 хүн, 4 автомашин, 2 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг 6 хоног явуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 08.13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн “Хэцийн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд  зүгт 6-7 км-т/ тус сумын харьяат А /2 настай, эмэгтэй/ Буянт голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 11:50  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын  газрын 12 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас 7 алба хаагч, Цагдаагийн газрын 8 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 3 алба хаагч, ар гэрийн 15  хүн, нийт 45 хүн, 13 техник хэрэгсэл, 9 морьтойгоор 08.13-ны өдөр  “Хэцийн давааны-Ам”-аас “Бор хавцал” хүртэл 40 км,  Буянт голын хоёр эргийн дагуу, Говь –Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын  Гуулин тосгоны “Цахилгаан станц”-аас “Улаан боом”-ын Усан цахилгаан станц хүртэл 70 км-т явганаар буюу завьтайгаар эрлийн ажиллагааг явуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоож, 08.14-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т/ Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/, Э /31 настай, эмэгтэй/ нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 22:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 автомашинтай 22:45 цагт явж 08.12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 08.13-ны өдөр иргэн Э-г осолдсон газраас 20 метрийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулж, 16 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:15 цагт эрлийг түр зогсоосон. 08.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Нэмэлтээр: Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ш.Эрдэнэболдоор ахлуулсан нийт 8 алба хаагч 1 техник хэрэгсэлтэй 22:49 цагт Өгийнуур сумын эрлийн бүлэг дээр ирсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Баруун улаан-Эрэг” гэдэг газар  /сумын төвөөс баруун зүгт 3,5 км-т/ тус сумын харьяат иргэн С /17 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, орон нутгийн 27 хүн, ар гэрийн 20 хүн, нийт 63 хүн, 12 автомашин, 9 мотоцикльтойгоор осолдсон газраас эхлэн голын хоёр захаар 18 км завьтай самнаж, 2 удаа шумбалт хийж, усны мотоцикльтой усны мандалд эрлийн ажиллагааг явуулсан. Мөн хуурай газраар мотоцикльтой иргэд 35 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:50 цагт түр зогсоосон. 08.13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын төвд 08.13-ны өдрийн 02:56 цагаас 09.40 цаг хүртэл усархаг бороо орсны улмаас 29 айл өрх, 4 аж ахуйн нэгж байгууллага усанд автаад байна гэсэн 29 удаагийн дуудлагыг 02:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, 5 автомашинтайгаар 40 хүүхэд, 13 өндөр настан, 52 том хүн, нийт 105 иргэдийг төрөл садангийн гэрт нь, 6 айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 4 байгууллагын зоорийн  давхарын усыг шавхсан. Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ний “Цахилгаан шугам сүлжээ”-ний 16 ажилтан, 3 автомашинтай 19:10 цагт цахилгаан дамжуулах 27 дэд станцыг сэргээн засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Онцгой комиссыг хуралдуулж

– Уруйн үерээс  аврах ажиллагааг зохион байгуулах,

– Ариутгал халдваргүйжүүлэлт хийх,

– Тооцоолол гаргаж далан шуудуу татах,

– Аймгийн Засаг даргын нөөц сангаас аврах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд зарцуулах зардалд 20,000,000 төгрөгийг зарцуулах шийдвэрийг гаргасан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 08.14-ний өдрийн 09:00 цагт сэргээн засварлах ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top