Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 19-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 12:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 12:45 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ны өдрийн 13:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 13:21 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Номгон багт иргэн Ш-ийн эзэмшлийн “Пaжеро” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах аврах, 53 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 14:58 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автмашинтай 1.5 км замыг туулан 13:23 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 21:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 21:45 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Хар толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Цагаан хад боомтоос Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан иргэн Л-ийн эзэмшлийн 1 зорчигтой “Ланд крузер-80” загварын автомашин, иргэн М-ийн эзэмшлийн 1 зорчигчтой “Норд бенз” загварын ачааны автомашинтай мөргөлдөж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат иргэн Л /65 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уруйн үер: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт 08.12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож 8 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарын ахалсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг суманд ажиллсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, Цагдаагийн газрын 7 алба хаагч, аймгийн Гэр бүл хөгжлийн газрын 4 хүн, тус сумын Засаг даргын Тамгын газрын 13 хүн, Эрүүл мэндийн төвийн 6 эмч, Улаан загалмайн нийгэмлэгийн 5 хүн, нийт 64 хүн, 11 автомашинтай ажиллаж үерт автсан 1, 3, 4 дүгээр багийн ус тогтсон хотгор газарт анхааруулах тэмдэгний захиалга хийсэн, мөн багийн 9 айл өрхөд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, Улаан загалмайн нийгэмлэгээс 40 ш, хөнжил, 40 хос хүүхдийн гутал, 3.9 сая төгрөгний үнэ бүхий 20 ш гал тогооны иж бүрдэлийн 20 айл өрхөд, мөн дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс 5 айл өрхөд 1 сая төгрөгний, 10 айл өрхөд 10 гэр хандив өгсөн. Сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга, Гал түймэр унтраах, аврах ангийн барилгад ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Усны осол /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн “Хэцийн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд  зүгт 6-7 км-т/ тус сумын харьяат А /2 настай, эмэгтэй/ Буянт голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 11:50  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 8 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 3 алба хаагч, ар гэрийн 15  хүн, нийт 45 хүн, 13 техник хэрэгсэл, 9 морьтойгоор 08.14-ний өдөр  “Хэцийн давааны-Ам”-аас “Бор хавцал” хүртэл 40 км,  Буянт голын хоёр эргийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т/ Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/, Э /31 настай, эмэгтэй/ нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 22:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2  автомашинтай 22:45 цагт явж 08.12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж 08.14-ний өдрийн 17:40 цагт эргээс 500 метр,  усны 8 метр гүнээс иргэн Э /31 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Баруун улаан-Эрэг” гэдэг газар  /сумын төвөөс баруун зүгт 3,5 км-т/ тус сумын харьяат иргэн С /17 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, орон нутгийн 18 хүн, ар гэрийн 20 хүн, Дархан сумын 9 иргэн, нийт 65 хүн, 12 автомашин, 9 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.14-ний өдрийн 09:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 600 метрээс олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын төвд 08.13-ны өдрийн 02:56 цагаас 09.40 цаг хүртэл усархаг бороо орсны улмаас 29 айл өрх, 4 аж ахуйн нэгж байгууллага усанд автаад байна гэсэн 29 удаагийн дуудлагыг 02:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Эрүүл мэндийн газрын 4 хүн, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын 7 хүн, нийт 42 хүн, 9 автомашинтай ажиллаж Хэрлэн сумын 6, 7, 9 дүгээр хорооны 3 орон сууцны байрны суурийн давхрын усыг соруулах, 10 дугаар багийн Хивс, Ялалт хорооллын 36 айлын 36 нүхэн жорлонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж 44 өрх айлын 188 иргэнд гар ариутгагч бодис тараан өгсөн. 8 айлын гэрийг нүүлгэн шилжүүлж, 36 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн, Хэрлэн сумын төв зам дагуух үерийн ус зайлуулах 7.1 км шуудууг цэврэлэсэн, Хивсний хорооллын усанд талбайд 200 метр урт шуудуу ухаж хуримтлагдсан усыг зайлуулсан.

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Баяртын-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ Өгий нууранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн П /43 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 08.14-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:34 цагт түр зогсоосон.

Бусад: Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг багийн “Зэрэглээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ 1 суудлын автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Оросын холбооны улсын иргэн Д /32 настай, эрэгтэй/, И /33 настай, эрэгтэй/ нарын Баацагаан сумын төвөөс Баянхонгор сумын чиглэлд зорчиж явсан олон улсын дугаартай “Ланд крузер-80” загварын автомашиныг 08.14-ний өдрийн 18:30 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top