Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 28-33 градус, говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд зарим газраар, 20-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:31 цагт очиж, 10х5 метр хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Ахуйн шингэрүүлсэн хийн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороонд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 19:33 цагт очиход 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотын 3 өрөөний цонхны шил, байрны гадна байсан иргэн Т-гийн зэмшлийн “Приус 20”  загварын суудлын автомашины шил хагарч, тус дүүргийн харьяат иргэн О /29 настай, эрэгтэй/, П /27 настай эрэгтэй/, Э /23 настай, эрэгтэй/, Э /2 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгч, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Гранд вилла” хотхоны хойд талд авто замын зорчих хэсэгт зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 03:13 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 03:19 цагт очиход “Импреза” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хайландер“ загварын суудлын автомашиныг мөргөж, Импреза” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 03:26 цагт очиж “Импреза” загварын суудлын автомашины жолооч иргэн Д /32 настай, эрэгтэй/  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн  оршин суугч иргэн Б /30 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 08.12-ны өдрийн 09:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хамтран ажиллана уу гэсэн хүсэлтийг тус сумын цагдаагийн хэлтсээс 08.15-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 8 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Ар мухар”, “Нарангийн-Ам”, “Нарангийн даваа”, “Орхироо”, “Уртын-Ам”, “Тариат”, гэдэг газруудаар 6 хэсэгт хуваагдан нийт 165 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. 08.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багийн “Далан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ “Хэрлэн” голд тус багийн харьяат Д /13 настай, эрэгтэй/ ороод живсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр 3 бүлэгт хуваагдан Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс Баянтүмэн сумын “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 30 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 08.17-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top