Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун,төв,говийн аймгуудын нутгийн зарим газраар  дуу цахилгаантай бороо орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км  замыг туулан 13:08 цагт очиж, 7х7 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 02:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 02:32 цагт очиж, 4х5 метр хэмжээтэй байшин, “Марк 2” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 40 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн О /30 настай, эмэгтэй/-гийн нүүр хэсэг түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн ‘’Хуурай-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т/ тээврийн хэрэгслийн осол болж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 20:37 цагт очиход Баян-Өндөр сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан Орхон аймгийн харьяат иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд 80” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ийн эзэмшлийн “ЭйчАрВэ” загварын суудлын автомашиныг /5 зорчигчтой/ мөргөж, тус аймгийн харьяат иргэн П /51 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд тоосгоны үйлдвэрт шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 08:07 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашин 14.5 км замыг туулан 08:23 цагт очиход Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/ шороон овоолго дээрээс 50х100см хэмжээтэй, 3 метрийн гүнтэй шорооны дамжуурга руу унаж бэлхүүс хэсгээрээ шар шороонд дарагдсан байсныг аварч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top